おほもと Oomoto

Дэгүчи Наогын урлагыг үзэх үзэл

(нэг) Цэнгэл

Хүмүүний амьдралд “Цэнгэл” гэгч байхгүй бол үнэхээрийн уйтгартай буйзаа.

Хүмүүн нь амьдрахуйн баяр цэнгэлийн мөн чанарыг зөв таньж гэмээ нь туйлын аз жаргал сая айлчилан ирэх мэт бодогдоно.Ажиллаж хөдөлмөрлөх хэнд ч зугаа цэнгэл хэрэгтэй буйзаа.Гэсэн хэдий ч энэ нь үнэнхүү 「цэнгэл」 мөн хэмээн бас хэлэх боломжгүй мэт санагдана.

Цэнгэл гэгч бол, хүмүүнд өөрийгөө амтлуулан мэдрүүлж, хариуд нь түүнд хүн ёсны жудагт зам мөрд суралцах ухааныг хайрладаг зүйл хэмээн бодном.

Шёошин Васүрүбэкаразү буюу Туршлагагүй гэнэн үеээ мартаж үл болно

Энэ бол Японы уламжилалт Но жүжгийн их мастер Зэ Ами-гын өөрийгөө зэмлэн хэлсэн алдарт үг билээ.Миний бие ч мөн энэ үгийг өөрийгөө зэмлэх үед хэрэглэх тогтсон хэллэг болгон ашигласаар ирсэн.Гэсэн хэдий ч нэг л мэдэхэд энэ үг миний толгойд энгийн нэгэн тогтмол хэллэг болон хувирч, түүний мөн чанарыг ухааран өөрийн аж амьдралын зам мөрт бодитоор хэрэгжүүлж чадаагүйдээ хожмоо харамсаад үл барна.

Түүний энэ үг нь Но жүжгийн ертөнцөөр үл хязгаарлагдан, шашны, урлагын, хүмүүний аж амьдралын гээд бүхий л хүрээг хамран, тэдгээрийн байх ёс зүй хийгээд бодит оршихуйд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн бодогдоно.Ялангуяа бидний ижил Оомото шашны бишрэн шүтэгч хүмүүн дээрх сэрэмжлүүлэг сургаалыг үе үе санагалзан, бурханаас бидэнд заяасан 「гэм нийгүүлсэх сүнснийхээ」 үйл хөдлөлийг зүлгэн өнгөлөх хэрэгтэй.

Оомото шашны байгууллагыг үндэслэгч Дэгүчи Нао багшын бурханы таалалд оршин бичиж үлдээсэн Офүдэсаки буюу Бийрийн үзүүрээс хэмээх сударт,「гартаа сэлэм барьсан хүмүүс чамайг бүчсэн мэт сэтгэлийг баригтун」хэмээн айлдсан байдаг нь дээрх 「шёошин васүрүбэкаразү」буюу「туршлагагүй гэнэн ахуйгаа бүү март」гэх айлдварын нэгэн төрлийн илэрхийлэл буйзаа.

Би эгэл жирийн өдрүүдийн урсгалд дасаж орхиод бүгдийг умартан, дан ганц гадаад үзэмжийг голчлох үзэлд эзэмдүүлсэн байдлаар яриж байх үе байдаг.Мөн эргэн тойронд өрнөх том жижиг үйлдлүүдийг эргэн сайтар тунгаахад, тэдгээр нь бүгд би тэнгэр өөд шүлсээ нулимсаны ижил эргээд миний нүүрэн дээр буухыг надад сануулах бөгөөд энэ үед ихэд гутрах сэтгэл өөрийг эрхгүй төрнө.

Дэгүчи Нао багшын амьд сэрүүн ахуйд, түүний эргэн тойронд хүрээлэн байсан хүмүүний дунд жижиглэн худалдааны наймаачин, цагаан будааны дэлгүүрийн эзэн, хүүхдэд зориулсан амттаны худалдаачин, гүүр далангын засварчин гээд олон төрлийн хүмүүс ажиллаж хөдөлмөрлөнгөө Оомотогын үйл ажиллагааг давхар эрхэлж ирсэн бөгөөд, тэдний ажилдаа хандах хандлага, сэтгэл зүй нь үнэхээрийн туйлын хийгээд ижил төрлийн ажил эрхлэгч энгийн хүмүүсээс огт өөр байсан билээ.

Хэдийгээр тэр цагаас хойш 40 гаруй жил өнгөрсөн хэдий ч, тэр хүмүүсийн харилцан биесээ хайрлан хүндэтгэх дүр зураг үе үе нүднээ үзэгдэх бөлгөө.Мөн их үндэслэгчийн эргэн тойронд хүрээлэн асан хүмүүнээс гадна Оомото шашны байгууллагын өөрийнх нь уур амьсгал нь эдүгээ эргэн дурсахад, анхны хийгээд шинэлэг, бас гэнэн хийгээд уйгагүй үнэнч сэтгэлээр бялхан байсан билээ.

(3)Яруу найраг хийгээд сүсэг бишрэл

Яруу найргын 「Чири Цүка」цоморлигт оруулсан гэрэл зураг бол миний анх Вакаяма Бокүсүй багшид шавь орсон үеийн зураг бөгөөд, тэр цагыг хүртэл би яруу найраг бичихдээ өөрийн дураар бичдэг байлаа.

「Хүмүүнд бурханаас заяасан гэмших гэгч ухамсар бүхий сүнсний үйл байдаг тул хүмүүн нь өөрт орших энэхүү сүнсний тусламжтайгаар, яруу найраг туурьвах нь зүйн хэрэг бөгөөд тусгайлан ямар нэг багшийг хайх, түүнд шавь орох гээд байх шаардлага үгүй билээ」

Дээрх үзлээр бүтээгдсэн бүтээл「Чири-цүка」яруу найргын цоморлигт нилээдгүй орсон бөгөөд, уламжилалт яруу найргын талаар сайтар мэддэггүй энгийн хүмүүний хувьд бол яруу найраг туурвих нь ийм л зүйл буйзаа хэмээн шууд утгаар нь хүлээж авдаг мэт сэтгэгдэл төрдөг.

Гэсэн хэдий ч нэг л өдөр өөрийн энэхүү бодол минь буруу ташаа зүйл гэдгийг ухаарч эхэлсэн юм.Сэтгэлдээ бясалгасан зүйлээ тэр хэвээр нь яруу найраг болгох гэдэг нь, ундран гарах сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийн гүнд орших цэвэр ариун сэтгэл, түүний үйл хөдлөлийг яг тэр хэвээр нь яруу найраг болгон буулгах нь яруу найргын зам мөр хийгээд нэгэнтээ тогтсон арга зам бөлгөө.Үүний тухайд эхлэн бичигч хүмүүн хийгээд туршлага нимгэн хүмүүн нь, нилээдгүй эндүүрлийг тээж явдаг юм.Яруу найраг, бүтээл туурьвих гэдэг нь асар их зовлонг өөрийн биеэр даван туулж, мөн түүний зэрэгцээ хорвоог үзэх гайхамшигт үзэл бүхий багшид шавь орж, тэрхүү багштайгаа хамт яруу найраг туурьвах зам мөрөөр хамтдаа алхах нь зөв хийгээд хамгийн чухал үйл билээ.

Миний бие бага балчир 10 орчим настай ахуйд, Эдо эзэн хааны үеэс Мэйжи эзэн хааны шилжилтийн үед аж төрж, амьдарч асан нэгэн баатар жанжны бүтээл намайг ихээр цочирдуулж, гайхшируулсан тул улмаар Танка төрлийн яруу найргын талаарх ойлголт бараг үгүйгээр, өөрийн зөнгөөр бичиж эхэлсэн бөгөөд анхнаасаа сайн багшийг олж шавь орж чадаагүйдээ хожмоо ихэд харуусаж билээ.

Улмаар, яруу найраг бүтээн туурьвах гэдэг нь, үзэсгэлэн төгөлдөрийг магтан дуулах, эсвээс сэтгэлийн гүнээс оргилон гарах сэтгэл хөдлөл тул, хүчээр өөрийгөө албадаж бүтээл туурьвих, тухайн нөхцөлт байдлаас шалтгаалан албадан туурьвих зэрэг нь мөн чанаргүй зүйл бөлгөө.

Мөн яруу найраг туурьвих гэдэг нь бүтээл бүтээх сэтгэл төрөх тэр үед л хийж гүйцэтгэх нь зөв хэмээн бодох нь бас буруу мэт.Уран бүтээл туурьвах сэтгэл оргилон төрөх тэр үеийг хүлээх бус, харин цаг үргэлж бүтээх зүтгэл оролдлоготой байх нь зүйн ёсны хэрэг хэмээн бодогдоно.

Бурхан яруу найраг туурьвих авьяас чадварыг зөвхөн хүмүүнд хүртээсэн нь туйлын үнэн хэдий ч, хүмүүн бид өөрсдөдөө орших зүтгэл чартайлтаар дамжуулан яруу найраг түүний зам мөрийг бодитоор олох эсэхээр тэрхүү зүйл илүү бодит болох бөгөөд, улмаар хүмүүний дотоод ертөнцөд тусгалаа олсон гүн ухааны яруу найраг бүтээх сэтгэлийг асран бойжуулж чадна хэмээн бодном.

Яруу найраг туурьвих нь хэдийгээр эелдэг зөөлөн зам мөр биш байж болох ч, түүнийг бүтээх үйлээр дамжуулан та бидний сүнс хийгээд түүний оршихуйн мөн чанарыг нягтлан тодотгож чадах бөгөөд, энэ нь та бидний аж амьдралд өнгө аялгууг бэлэглэдэг.Улмаар яруу найраг туурьвин бүтээх үйл нь хүмүүний оюун ухаанд гэмших буюу зам мөрөө эргэн дүгнэх хүчийг хайрлан, оюун ухаанаа нэгэн цогц болгон удирдан чиглүүлэх, мөн түүний цар хүрээг дээшлүүлэх, хүмүүний сүнсийг өнгөлөх болоод түүнд баяр баясал бэлэглэх чадамжтай ажгуу.

Гүн ухааны яруу найраг тэрлэх үйлс нь, тэнгэр огторгуй хийгээд газар дэлхий, эх байгалийн юмс үзэгдэлийг унаган оршихуйгаар нь ажиглан ширтэж, тэр хэвээр нь хүлээн тусгаж, тэндээс сурж мэдрэх үйл бөгөөд, та бидний сүсэг бишрэлийн талд ч гэсэн маш чухаг зүйл билээ.

Миний бие, гүн ухааны танка яруу найрагтай нөхөрлөн, түүнээс сэтгэлийн тайтгаралыг хүртэж, намайг өсгөн бойжуулсан түүнд талархахын сацуу хөгжилтэй жаргалтай аж төрснөө хамгийн том аз жаргал хэмээн бодно.

(1953 оны 11 сар 「Хувийн тэмдэглэл」-с )

© 2008 OOMOTO. All rights reserved.