おほもと Oomoto

Өөр соёлыг танихуй:
Ойлголтод хүрэх замнал

Билл Робетс

Билл Робертс гуай 2001 он, 2002 үны намар, Оомотод сайн дурын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2002 оны 11 сарын 18 өдөр олон гавьяат үйлс бүтээсэн Оомотогын бишрэн шүтэгч Миёоши Эцүо гуайн урилгаар Широтори ротари клубт ярилцлага хийв.

Билл Робертс гуай 2001 он, 2002 үны намар, Оомотод сайн дурын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2002 оны 11 сарын 18 өдөр олон гавьяат үйлс бүтээсэн Оомотогын бишрэн шүтэгч Миёоши Эцүо гуайн урилгаар Широтори ротари клубт ярилцлага хийв.

Юуны өмнө намайг энд урьж, та бүхэнтэй ярилцлага хийх завшааныг олгосон Широ-тори ротари клубын гишүүддээ талархал илэрхийлэе.Ротари клубт хамгийн сүүлд энэ мэт ярилцлага хийсэн нь эдүгэгээс 35-н жилийн өмнө билээ.Энэ нь өнөөдөр та бүхэнтэй энд ярилцах зүйлтэй шууд холбоотой гэдгийг ойлгосон хэмээн бодож байна.Энэ удаа миний Японд ирсэн 5 дахь аялал бөгөөд Шикокүд ирсэн 2 дахь аялал болно.2001 онд Ияа-кэйкокүд 4 хоног саатсан удаатай ба энэ удаа Шикокүд нийт 5 хоногын хугацаатай саатах болно.Улмаар энэ орон нутгын хавар болоод намрын аль нь илүү үзэсгэлэнтэй болохыг тааж хэлж мэдэхгүй байна.

Шикокүд анх Калифорни мужаас ирсэн айлчилалын хэсгийн хамтаар аяласан бөгөөд тэр үед бид 350 гаруй жилийн настай эртний Японы сууцанд байрлан хоноглосон билээ.Энэ барилга бол Алекс Керр(Alex Kerr)гуайн хувийн эзэмшил байсан бөгөөд үүнийг тэрээр өөрийн хөрөнгөөр сэргээн засварласан байсан.Та бүхнийг Алекс Керр гуйг мэдэж буй хэмээн бодож байна.Учир нь тэрээр 「Алдагдсан Япон」 хэмээх номыг япон хэлээр туурьвисан Америк хүн бөгөөд уг ном нэлээд хэдэн жилийн өмнө нийтийн хүртээл болж, хожмоо англи хэлээр мөн орчуулагдан гарсан билээ.Тэрээр уг номондоо Оомотод өөрийн биеэр мэдэрсэн зүйлсийн тухай бичсэн байдаг.Оомото нь шашин хоорондын, хамтын ажиллагааны төлөөх үйлийг эрхэлдэг уламжилалт шинто шашны байгууллага бөгөөд миний бие нийт 5-н удаа зочноор уригдан ирж хамтран ажиллаж буй болно.

Энэ удаагын айлчилалын зорилго бол, Киото хотод Оомотогын зохион явуулах Бурхан шашинтний их хурлын тухай нийтлэл бичих, эмхэтгэн найруулах ажил бөгөөд нийт 5-н долоо хоног саатах төлөвлөгөөтөй байгаа.Өнгөрсөн онд нийт 3-н сарын хугацаатайгаар Оомотод саатан, англи хэл дээр бичиж нийтлэх хэд хэдэн ажлыг гүйцэтгэсэн болно.Миний бие чөлөөт сэтгүүлч бөгөөд Америкийн Калифорни мужийн Силикон Валли хотын хэд хэдэн сэтгүүлд аж үйлдвэрлэлийн технологи, мөн бизнесийн тухай нийтлэл бичдэг юм.Мөн шүлэг болон тууж, өгүүллэгүүд бичдэг хэдий ч чөлөөт сэтгүүлчийн мэргэжлээрээ өөрийгөө сорьж байгаа болно.Мөн 2 жилийн өмнө Токүшима аймагт болсон Японы уламжилалт соёл болох шүлгийн баярт оролцон, үүнийхээ тухай Оомотогын цахим хуудаснаа англи хэлээр нийтлэл бичиж байршуулах бодолтой байгаа.

Би хэзээ ч Оомотогын ажлаар Япон улсыг зорихдоо туйлын их баяртай байдаг бөгөөд үүний цаана хэд хэдэн учир шалтгаан байгаа.Эхнийх нь шалтгааны тухай хожим тодорхой өгүүлэх бөгөөд, цухас дурьдвал танай эх оронд хайр энэрэл бүхий нэгэн үйл хэрэг өрнөсөнтөй холбоотой.Хоёр дахь нь,хэвлэн нийтлэгчийн гол зорилго нь өөрийн аж амьдралыг тэтгэхийн төлөө бус,бусдын төлөө бичдэг байх ёстой гэсэн зарчимтай холбоотой.Гурав дахь нь, миний та бүхэнд хамгийн их хэлэхийг хүссэн зүйл бөгөөд, би Оомотод сайн дурын гишүүнээр ажиллах болсон явдал болно.Яагаал гэвэл, өнөөдөр дэлхий ертөнцийн байдал ээдрээтэй адармаатай цаг үед тулаад буй бөгөөд энд бусдын буюу өөр соёлыг биеэр мэдэрч ойлгох нь чухал хэмээн бодсон билээ.

Ингээд өөрийн биеэр мэдэрсэн хэд хэдэн зүйлийг энд өнөөдөр та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна.Анх би 1998 онд Колин Киберт багшийн удирдлага дор шаазан урлагт суралцаж эхэлсэн юм.Тэрээр Калифорни мужид аж төрөх уран бүтээлч хүн бөгөөд урлагын багш билээ.Японд олон удаа айлчилсан ба Оомотогын жил бүрийн зун уламжилал болгон зохион явуулдаг Японы уламжилалт урлагын семинарт оролцож байсан.

Урьд нь Япон улс миний хувьд тэгтлээ очиж үзэх хүсэл төрүүлэм газар нутаг биш байлаа.Улмаар Колин багш маань оюутан сурагчдаа дагуулан Оомотод ирж Японы уламжилалт соёл урлагтай танилцах нэгэн аялалыг төлөвлөсөн бөгөөд би ч бас тэр аялалд оролцон анх Японд ирсэн.Тэр аялал дуусах үед би аль хэдийн Япон оронд, тэр дундаа өнгө төгөлдөр байгаль, соёл урлаг, уламжилалт зан заншилд сэтгэлээ булаалгаж орхисон байсан.

Улмаар Колин багшынхаа хамтаар 2000 он, 2001 оны хавар дахин Японд айлчилсан юм.Түүнээс хойш Оомотогын санал болгосны дагуу янз бүрийн ажлаар ирэх болсон бөгөөд энэ удаа ганцаар ирсэн болно.Анх Японд ирсэн үедээ би энэ улсад хичнээн их дурласнаа, энэ улсыг илүү их мэдэхийг хичнээн их хүсэж буйгаа анзааран, өөрөө өөртөө гайхах сэтгэл төрж байлаа.Тэгээд эргэн сайтар бодоход үүнд гайхаад байх зүйл огт байхгүйг олж мэдсэн юм.

Миний эцэг эх хоёр маань дэлхийн хоёрдугаар дайны дараа Японд анх учирсан байлаа.Эцэг маань явган цэргийн нэгтгэлийн албан үүрэг гүйцэтгэч, ээж маань цэргийн байгууллагад нарийн бичгээр тус тус ажиллаж байсан гэдэг.Улмаар тэд 1947 онд Токио хотноо хуримлаж, тэднийг Японд байсан 1949 онд би эхийнхээ хэвлийн олдсон байв.Түүнээс 3-н сарын дараа эцэг эх маань төрөлх нутагтаа буцаж, би Америкд мэндэлсэн билээ.Японд байсан эхийнхээ хэвлийд олдсон тэр жилээс хойш яг 50-н жилийн дараа би Японд анх айлчилсан юм.Учир иймээс Япон улс нь миний хувьд туйлын учир утга бүхий улс орон хэмээн боддог.Энэхүү учрыг би анх Японд ирснээр ойлгосон юм.

Хоёр дахь учир шалтгаан бол, хэрэв бурхан надад өчүүхэн ч атугаа авьяас билэг өгсөн юм бол би түүнийг дан ганц энэ биеийн төлөө бус бүхнийг сайн үйлийн төлөө зориулах ёстой хэмээх хувь хүнийхээ бодлын үүднээс Японыг зорисон болно.Иймээс намайг хэвлэн нийтлэгч болгож өгсөн бурхандаа талархан өглөө бүр залбирдаг билээ.Би өнөөг болтол ямар ч чадваргүй, юу ч хийгээд сэтгэл үл ханах хүмүүнийг олонтаа харж байсан ба харин надад яг тохирсон энэ чадвартай учирсандаа өөрийгөө азтай нэгэн хэмээн боддог.Улмаар миний энэ өчүүхэн чадвар маань өнөөдөр бас Оомотод хэрэг болж буй нь миний хувьд сайхан зүйл билээ.Энэхүү арга замаар дамжуулан бурханы надад хүртээсэн зүйлийг нийгмийн сайн сайханы төлөө зориулахыг туйлын хүсдэг.

Гурав дахь шалтгаан бол, би Оомотод сайн дурын гишүүнээр ажиллах хүсэлтийг хүлээн авсаны учир нь, огт өөр соёл эргэншлийг ойлгож таньж мэдэх нь их чухал зүйл хэмээн бодсонтой холбоотой.Энэ нь өнөөгийн бидний аж төрөх энэ ертөнц өдрөөс өдөрт ойртон ижилсэж, бие биенээсээ улам бүр харилцан хамааралтай болохын сацуу улам бүр ээдрээтэй төвөгтөй болж буй учраас.

Миний эцэг эх хоёр алслагдсан орон нутгийн үндэстэн ястны соёл эргэншлийг ихэд сонирхдог байсан.Тэд Франц болон Германд амьдарч байхдаа ч хөрж зэргэлдээх айлуудтай ихэд дотносон нөхөрлөдөг байлаа.Францын нэг өрх гэрийнхэнтэй өнөө хэр 3 дахь үедээ харилцан захиа илгээж, мэйлээр харилцаж байгаа.Манайх Францад 2 жил гаруй аж төрсөн бөгөөд тэр үед би тэндэхийн цэргийн баазын бага сургуульд 3, 4-р ангиа дүүргэсэн билээ.Тэр үед бүтэн өдрийн хагасыг Англи хэлээр, үлдсэн хагасыг Франц хэлээр ярьж өнгөрөөдөг байлаа.Учрыг нь би одоо хэлэе.Франц бага сургуулиас 1 багш өөрийн 15 хүүхдийн хамт өдөр бүрийн үдийн хойно бидний сургуульд ирдэг байв.Тиймээс нэг Америк багштай бидний 15 хүүхэд нөгөө хүүхдүүдийн хамтаар газар зүй, түүх, хэл шинжлэл гэх мэт бусад олон хичээлийг үздэг байлаа.Тэр үед эхний үеийг Англи хэлээр,үлдсэн цагыг Франц хэлээр гэдэг дүрэм тэнд үйлчилж байсан юм.Энэ арга нь хэн хэнийхээ хэлийг сурах гайхалтай сайхан боломж байсан бөгөд, үүнээс илүү нь харилцан адилгүй өөр өөр соёлыг харилцан ойлгож мэдрэх чухал үүргийг гүйцэтгэсэн болно.

Европд аж төрж байх үед, Америк болон европын хүүхдүүд хамтдаа Швецари улсад амрах 3-н долоо хоногын зуны зусланд би оролцсон юм.

Түүнээс хойш 10-н жилийн дараа, 17-н настайдаа би огт өөр бас нэг соёлтой учирч, биеэр мэдэрсэн билээ.Энэ тохиол нь миний өсвөр насны хамгийн том аз туршсан зүйлсийн нэг байсан.Тэр үед би боя-скаутын үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог байлаа.1967 онд Америкт зохион явагдсан Олон улсын скаутын жанбо-ри цуглаанд Калифорни мужийг төлөөлөн оролцох төлөөлөгчөөр сонгогдсон билээ.Дэлхийн өнцөг булан бүрээс нийт 12,000-н скаут хуран цугларч, ой мод, уулаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт Айдахо(Idaho)нуурын хөвөөнөө 2 долоо хоногын туршид байрласан юм.Би хост скаут(host scouts)хэмээн нэрлэгдэх хэсэгт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ирж буцах скаутуудыг угтах, үдэх, тэдэнд газарчилах ажил хийж байсан тул зарим үед франц хэлээр ярих шаардлага ч гарч байлаа.

Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан тул жанборигын хаалтын ёслолын ажиллагаа явагдсан тэр үдэш бичсэн зүйлээ өнөө хэр маш тодхон санаж байна.Тэр үе бол Ветнамын дайны ид дунд үе байсан гэдгийг бас нэмэж хэлмээр байна.「Бидний энд хамтдаа 2 долоо хоногын турш байхдаа мэдэрсэн нөхөрлөлийг хүн төрлөхтөн биеэр мэдрэх аваас дайн дажин хийх ямарч шаардлаггагүй болно」 хэмээн бичсэн байгаа.Хожмоо Калифорнид харьсныхаа дараа ч олон нийтийн цуглаан дээр Жамборид байхдаа ойлгож мэдэрсэн зүйлийнхээ тухай ярьж өгөөч гэх хүсэлт олныг хүлээн авсан юм.Тийм учир би Калифорни мужийн Монтерид(Monterey)байх ротари клубт ярилцлага хийснээс хойш 35 жил өнгөрчээ.

Дунд сургуулийн ахлах ангид байхдаа би Америкийн Феелд сервис(American Field Service)гэх хөдөлгөөнд нэн идэвхтэй оролцдог байлаа.Уг байгууллага нь гадаадаас Америк улсад ирж буй оюутан сурагчдыг угтаж авах, мөн Америк иргэнийг гадаадад томилон ажиллуулах үйл ажиллагаа эрхэлдэг байв.Би тэнд үйл ажиллагаанд шаардагдах мөнгөн хөрөнгийг цуглуулах ажилд оролцож байсан тул өөрөө гадаад улс тийш явж аялах боломж олдоогүй билээ.

Дараа нь 1971 онд надад гадаадад сурах боломж олдсон юм.Нэг жилийн хугацаатайгаар Калифорний их сургуулийн гадаадад сурах хөтөлбөрт хамрагдан, Израйл улсын Ерусалем хотын Хебрев (Hebrew University in Jerusalem) их сургуульд Израйлын засгийн газар болоод ойрхи дорнодын улс төр судалсан билээ.Би еврей хүн биш тул нэг жилийн дотор хоёр тэс өөр зүйлийг биеэр мэдэрсэн болно.Нэг нь еврейн шашин судлал, нөгөө нь Израйл улсын нийгэм судлал байлаа.Израйлд байх хугацаанд сэтгэлд хоногшин үлдсэн зүйлийн нэг бол, долоо хоногт нэг удаа англи хэлний гэрийн багшаар ажилласан явдал бөгөөд, нөгөө нь Гиббүз(kibbutz) хотод нэг сар ажил хийсэн явдал юм.Гиббүз хотод Израйл хүнээс гадна бидэнтэй адилхан гадаадаас ирэгч 12 орны 30 гаруй иргэд сайн дураар ажиллаж байсан тул надад их сонирхолтой байсан.

Миний бие чөлөөт сэтгүүлчээр эхний 13-н жил сонины газар эмхэтгэгчээр ажиллахын зэрэгцээ, өөрийн сонирхол болох өөр соёл эргэншилтэй танилцах аялалаа үргэлжлүүлсээр байсан билээ.Франц, Парисын Хералд Трибюүн (Herald Tribune)олон улсын байгуулагад ажиллаж, түүний дараа Лондон хотод, европ болон ойрхи дорнод, африкийн бүс нутгийн эдийн засаг санхүүтэй холбоо бүхий мэдээлэл нийтлэлийг хариуцан ажилласан юм.Миний сонины газар ажиллаж байсан түүх бол тухайн үедээ Америкийн эхний 8-д орох Детройт фрий прессд гадаад мэдээ мэдээлийг эмхэтгэх секторт ажилласан 3-н жил билээ.Гадаадын сэтгүүлч гэдэг утгаараа Герман, Польш, Унгар, өмнөд Африк, Зенбаби гэх мэт улсуудад зохион байгуулагдсан хэд хэдэн удаа судалгааны ажилд оролцож байлаа.

Улмаар сүүлийн энэ 4-н жил Оомототой нягт холбогдон ажиллаж байна.Үүний ачаар би Япон улсын тухай олон зүйлийг шинээр мэдэж, Оомотогын явуулж буй олон улсын шашны үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хувь нэмэр болохыг хичээж буй болно.

Үнэндээ би өөрийгөө тэнэмэл голдуу хийгээд эргэлзээ тээнэгэлзээ тээж амьдарсан нэгэн хэмээн боддог.Гэсэн хэдий ч энэ нь бас өөр соёл эргэншилтэй танилцах, түүнд суралцаж, дэлхийн иргэн болохын төлөө өсөн хөгжиж ирсэн байна хэмээх дүгнэлтэд хүрсэн.Би Америкийн иргэн бөгөөд мөн энэ дэлхий дээр аж төрж буй 5-н тэр бум хүний нэг нь билээ.

Би хувьдаа, хүн төрлөхтөн өөр хоорондоо улс гүрэн, яс үндэс, шашин шүтлэгийн адилгүй шалтгаанаас болж ямар нэгэн асуудалтай нүүр тулахаасаа өмнө, харилцан бие биенийхээ ижил төстөй зүйлс, тухайлбал хүн гэдэг ухагдахууныг ухан ойлгож, түүнийгээ төгөлдөржүүлэх, магтан дуулах нь юунаас ч илүү чухаг хэмээн боддог билээ.Өнөөдөр дэлхий дээр өрнөж буй дайн дажин гэдэг нь нийт хүн төрлөхтний ижил төстөй, нийлмэл чанараас бус, харин ч өөр хоорондын ижил төсгүй байдал түүнийг үүсгэх шалтаг болсон байдаг.

Хүн төрлөхтний энх тайван болоод харилцан ойлголцолыг хуульчилах боломжгүй хэмээн би хувь хүнийхээ үүднээс боддог.Улс гүрнийг удирдагч хүмүүн нь ямар нэгэн тунхаг ба санамж бичигт гарын үсэг зурахаас өөр юу ч хийж чаддаггүй.Харин нийгэм бол гэрээнд гарын үсэг зурж чаддаг.Дэлхий ертөнцийг илүү амар амгалан, хүн хүнээ илүү хайрлаж, ойлгож чадах тэр ертөнцийг бодитоор цогцлоохын тулд хүн нэг бүр харилцаж, хүсэл мөрөөдөл, айдас түгшүүрийг туулан, амьдралыг хамтдаа бүтээгч бидэн шиг хүмүүс хамгийн их хэрэгтэй.

Эцэст нь, өөр соёл эргэншилтэй танилцаж, түүний чухлыг биеэр мэдрэхийг та бүхэндээ дахин хүсэх байна.Жишээлхэд олон арга байж болно гэж бодож байна.Японд оршин суунгаа гадаад хүнийг гэртээ байрлуулах, эсвэл өөрөө гадаад улсад аялаж соёлтой нь танилцах, соёлын солилцооны үйл ажиллагаа эрхэлж буй сургууль, эсвэл скаутын байгууллага, шашны байгууллага, өөр бас олон төрлийн ажлаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой.Америкийн Ротари клубт бол мэргэжилтнүүдийг гадаадад дадлагажуулах хандивийн төсөл гэх мэт зүйлс байдаг боловч, Японы Ротари клубын үйл ажиллагааны тухай би сайн мэдэхгүй байна.

Тэгээд нас сүүдэр хэд хүрсэн ч бай байнга аялан зугаалж, дэлхийг тойрч, бусад олон хүмүүн хийгээд тэдний соёлыг мэдэх нь чухал юм.Мөн гааад хэлийг ч тодорхой түвшинд эзэмших хэрэгтэй.Ингээд миний та бүхэнд уламжилах миний хувийн үзэл бодол өндөрлөж байна.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

© 2008 OOMOTO. All rights reserved.