おほもと Oomoto

Оомотогоос илгээсэн захидал

Тэргүүн хатагтайтай учирсан минь

Билл Робетс

Миний бие 2002 онд Оомотод саатах үеэрээ Оомтогын тэргүүн хатагтайд бараалхаж, түүнтэй ярилцах завшаан надад хэдэнтээ тохиосон билээ.

Мөргөлийн үеийн уншлагыг эхлүүлэх түүний үзэсгэлэнт дуу хоолойг мөн сонсож байсан болно.Хоёр удаагын мөргөлийн томоохон цуглаанд тэрээр итгэл төгс оролцож байхыг нь би бас харсан.Мөн цайны өргөөнд түүний гараар найруулсан цайг хүртэж байсан билээ.Бас надад тэргүүн хатагтайтай бүжиглэх завшаан тохиож байсан бөгөөд тэр үед түүний хөгжилтэй талыг олж харсан юм.Тэр бүжгийн тухай хожмоо өгүүлэх болно.

Өнгө төгөлдөр гялалзах эрднэсийн чулуу мэт, түүнд олон зүйл гайхамшигт талууд байдаг.Хэдийгээр Оомотогын 5 дахь үеийн тэргүүнээр өргөмжлөгдөөд 18-хан сар болж буй ч, Оомотог шинэ эрин зуунд удирдан чиглүүлэх эрч хүч, урлагын өндөр мэдлэг мэдрэмж, хүн чанар хийгээд нинжин сэтгэл түүнд бүрэн цогцолсон хэмээн би боддог.Тэрээр эдүгээ 46 настай бөгөөд, 2001 оны 4 сарын 29 өдөр 4 дэхь үеийн тэргүүн Дэгүчи Киёоко гуайг тэнгэрийн оронд заларсны дараа тэргүүнээр сонгогдсон билээ.Дэгүчи Киёоко тэргүүний охин бөгөөд Хиросэ Күрэнай нэртэй байсан бөгөөд тэргүүнээр өргөмжлөгдөх болсноор Дэгүчи овгыг авч Дэгүчи Күрэнай хэмээн дуудагдах болжээ.

Оомотод тэргүүнийг тодруулахдаа үүсгэн байгуулагч Дэгүчи Нао тэргүүний цусан төрөл байх, мөн тэргүүнээр сонгогдох хүмүүн эмэгтэй байх учиртай гэх ёсыг баримтладаг.4 дэхь үеийн Дэгүчи Киёоко тэргүүн 66 насандаа тэнгэрийн оронд заларсан бөгөөд түүнийг өөд болохоос нэг долоо хоногийн өмнө 5 дахь үеийн тэргүүнийг тодруулан, нийтэд зарласан юм.Эм найруулагч, мөн уламжилалт шаазан урлалын багш мэргэжилтэй тэрээр нэгэн шөнийн дотор дээрх үүргийг хүлээх шийдвэрийг гаргах шаардлагатай тулгарсан билээ.

Тэргүүн хатагтай цаг хором бүр туйлын зав чөлөөгүй ажиллах тул, намайг 10-н сард Оомотод очих үед, 2 хоногын дараа хүлээн авч уулзах болсонд би туйлын их баярлаж байснаа тодхон санаж байна.

Камэ-ока дахь Оомотогын төвийн Тай-ан-кёо гэх цайны ёслолын өргөөнд анх тэргүүн хатагтайд бараалхсан билээ.Би ихэд даарч байсан хэдий ч орчуулагч болоод гэрэл зурагчын хамт цайны өргөө тийш зүглэв.Моддын навчис алтан шаргал хийгээд бас улаан өнгөөр алаглан, шиврээ бороонд улам ч өнгө тодрон харагдах бөлгөө.

Улмаар цайны ёслолын өргөөнд тэргүүн хатагтай намайг угтсан бөгөөд би Япон заншлаар ихэд гүн бөхийж мэхийн ёсолж, тэргүүн хатагтайн дэргэд сууснаар бидний яриа эхлэв.Хэсэг хугацааны дараа цай найруулах ёслол эхэлж, уламжилалт аргаар хийсэн цайны өмнөх амттан ирэв.Яагаад ч юм мэдэхгүй гэнэт бие тавирч, дотор дулаацан тааламжтай сэтгэл төрсөн хэдий ч гагцхүү цагын зөрүү арилаагүй байгааг мэдэрч байлаа.

Тэргүүн хатагтай ярилцлагаа Энх тайвны мөргөлийн цуглаанд намайг илтгэл тавьсанд талархаж буйгаа илэрхийлснээр эхлүүлэв.Дараа нь би, анх 1999 онд Оомототой хэрхэн учирсан тухай, мөн өөрийн шаазан урлагтай ямар холбоотой тухай ярисан билээ.Тэрээр бүгдийг мэдэж буй мэт сэтгэгдэл төрж байлаа.Тэрээр миний 2001 онд Оомотогын бишрэн шүтэгчидэд тавьсан илтгэлийг дүрс бичлэгийн хуудсаар дамжуулан үзсэн байв.

Улмаар би Оомотогын тухай ном бүтээх саналаа тэргүүн хатагтайд уламжилсан бөгөөд, анх Оомотог баруун европд танилцуулан, тэр дундаа урлагын зүтгэлтэн, уран бүтээлчдийн сонирхолыг татсан Фредрик Франк гуайн бүтээсэн 「Оомототой учирсан минь」 ном хэвлэгдсэнээс хойш даруй 30-н жил өнгөрснийг дурдаад, миний энэхүү саналыг тэрээр сайшаасан билээ.

Тэргүүн хатагтай надад энэхүү цайны ёслолын өргөөний тухай тайлбарлаж өгсөн юм.Тай-ан-кёо цайны өргөөний нэг хэсэг болох энэ өрөөг「Сэн-гэцү-тэй」 гэх бөгөөд 「сар угаах өргөө」 гэх утгыг илэрхийлнэ.Тэргэл сартай шөнө энэхүү өргөөний дэргэдүүр урсах бяцхан голын жиргээнд саран тусах тул сар угаах өргөө хэмээн нэрлэсэн хэмээв.

Удалгүй дараагын уулзалтын цаг болсон тул намайг хэсэг зуур хүлээж байхыг хүсээд тэргүүн хатагтай Но бүжиг бүжих адил уян зөөлөн хийгээд бас чимээгүйхнээр цайны өргөөнөөс гарч одов.Би цайны өргөөнд кофе уун суусан хэвээр хүлээж байсан бөгөөд удалгүй тэргүүн хатагтай буцаж ирэв.

2 хоногын дараа Киото хотод зохион явагдсан 2 дахь 「Олон улсын бурхан шашинтны мөргөл хийгээд форум」-д оролцон, хүч хэрэглэхийн эсрэг тэмцэхийн чухлын тухайх илтгэлийг тус арга хэмжээний хүндэт зочдын илтгэлийн хэсэгт тавив.Маргааш өдөр нь Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэгийн Азийн бүс нутгийн төлөөлөгчдийн их хурал болсон билээ.Мөн дараах өдөр нь Аяабэ хотод Оомотогын намар цагын их баяр ёслол болж би тэр баярт бас оролцсон бөгөөд, тэргүүн хатагтайн уншлага унших дуу хоолой урьд урьдынхаас илүү хүчтэй буй мэт сэтгэгдэл төрүүлж, хийдийг тэр чигт нь цуурайтуулж байлаа.

Их баярын дараагын өдөр, энэхүү цуглаанд оролцохоор Израйл улсаас ирсэн Рон Крониш(Rabbi Ron Kronish)эхнэр нөхрийн хамтаар дахин тэргүүн хатагтайд бараалхах завшаан тохиосон билээ.Тай-ан-кёо өргөөнөө уг уулзалт болсон бөгөөд хэзээ ч үл мартагдах тохиол хүлээж байсныг урьдчилан мэдэх боломжгүй байлаа.Цайны ёслолын өргөөнөө ороход тэнд тэргүүн хатагтай байсангүй.Түүнийг гартаа цай найруулах багаж зэмсэг морилох үед, тэргүүн бидэнд зориулж өөрийн гараар цайны ёс үйлдэх гэж буйг ухаарсан билээ.

Миний бие цайны урлагын талаарх мэдлэг тун нимгэн нэгэн хэдий ч түүний үйл хөдлөлийг хараад цайны ёс гүйцэтгэх гарамгай мастер болохыг нь мэдэрсэн юм.Оомотогын хувьд цайны ёс бол оюун санааг тэтгэгч нэгэн зүйлийн бясалгал хэмээн үзэх бөгөөд тэргүүн хатагтай энэ тал дээр эртнээс л алдартай багш байсан болов уу хэмээн бодож суулаа.Тэрээр тэргүүний үүргийг хүлээн авсан тэр өдрөөс багшлах боломжгүй болсон билээ.

Аягаа арчих, цайны нунтагыг утгах, буцалсан ус хийх, улмаар цай найруулах гээд түүний бүхий л үйл хөдлөл нь намрын сэвэлзүүр салхинаа модны навчис бүжих адил уян хийгээд зөөлөн байлаа. Крониш гуай болоод би тэргүүний найруулсан цайг түүний мутраас хүртсэний дараа тэрээр бидний дэргэд сууснаар ярилцлага эхлэв.Тэргүүн хатагтайн мутраас цай хүртсэн нь миний хувьд тэр өглөөний хамгийн том баяр баясгалан байлаа.

Түүнээс яг нэг долоо хоногын дараа Токү-шима аралд байх Оомотогын Зүй-үн-бэцү-ин гэх өргөөний 50-н жилийн ойд зориулан зохион байгуулсан шүлгийн баярт оролцсон билээ.(Орч:Уг өргөө нь Оомотогын орон нутаг дахь салбар төвөөс өөр бөгөөд эрт цагт Онисабүро гэгээнтний зуны зуслан өргөө байсан түүхтэй.Токү-шимад Оомотогын салбар төв байдаггүй тул шашны зан үйлийг энд гүйцэлдүүлдэг болно)Бямба гарагын үдэш зохион явагдсан уг шүлгийн баярт тэргүүн хатагтайн шүлэг эхний байранд давхиж, дараагын ням гарагт зохион явагдсан их баяр ёслолын дараа Но бүжиг үзэж сонирхов.

Тэр ёслолын өмнө миний бие бяцхан мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэргүүн хатагтай миний үгийг орчуулагч орчуулахаас өмнө ойлгож байсан мэт санагдав.Токү-шима дахь ёслолын хаалтын үйл ажиллагаа шашны зан үйлтэй огт хамаагүй их хөгжилтэй зүйл байлаа.「Ава-одори」 гэх бүжгийг мэргэжлийн бүжигчид уламжилалт хувцастайгаар бүжиж сонирхуулав.Бүх биеэ мушгиралдуулан, бас огцом эргэх зэрэг нь надад миний залуу үеийн рокн-ролл бүжгийг санагдуулав.Мэргэжлийн бүжигчид нэг тойрог бүжсэний дараа энгийн бишрэн шүтэгчид бас тэдний эгнээнд орж бүжиж гарав.

Тэнд буй хүмүүсийн дийлэнх нь бүжин цэнгэж, улмаар хөөр цэнгэл дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд би тэр дүр зургыг хальснаа буулгах гэж хичээж байсан билээ.Улмаар европ хувцас өмссөн тэргүүн хатагтай гарч ирэн бүжиж буй хүмүүсийн эгнээнд орж гараа савлуулан, бас алга ташин бүжиж эхлэв.Би зураг дарж байхдаа тэргүүн хатагтайтай харц тулгарч орхиход, тэрээр намайг хамтдаа бүжиглэе хэмээн япон хэлээр урив.Улмаар би тэрхүү бүжгийн давалгаанд хөтлөгдөн урсаж, эргээд дурсахад залуу ахуй цагтаа ролинг-стон бүжиглэснээс хойш ингэж бүжсэнгүй олон жил өнгөрснийг анзаарсан билээ.

Дараа нь бүжиг дуусснаар баяр ёслол өндөрлөж, тэргүүн хатагтайн харих цаг болж бишрэн шүтэгчид хатагтайтай салах мэндчилгээ хийж, түүний энэ удаагын баяр ёслолд биечилэн оролцсон болоод Ава-одори бүжиг хамт бүжиглэсэнд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Бурхан намайг залбирал үйлдэхэд ивгээлээ хүртээж, дуулж бүжмэгч хайр энэрэл илгээдэг хэмээх Энэтхэгийн эртний зүйр үг байдаг бөгөөд энэ үгийг тэргүүн хатагтай лав мэддэг буйзаа хэмээн би дотроо бодож билээ.


Тай-ан-кёо цайны ёслолын өргөөны нэгэн хэсэг болох「Сэн-гэцү-тэй」буюу「саран угаах өргөө」

Тэргүүн хатагтайд бараалхах Билл Робертс гуай.

Тэргүүн хатагтай цайны ёс үйлдэж буй нь.

Рон Крониш гуайн(Rabbi Ron Kronish)гэр бүлтэй дотноор ярилцаж буй нь.

Бүжиг сонирхох тэргүүн хатагтай.

Гадаа зассан тайзнаа Но-бүжгийн тоглолт болов.

Мэргэжлийн бүжигчид Ава-одори бүжгийг бүжиж буй нь.

Тэргүүн хатагтай ч мөн Ава-одори бүжив.
© 2008 OOMOTO. All rights reserved.