おほもと Oomoto

2005 оны 2 сар, Нагояа салбар төвийн Цүки-нами баяр:

Дэгүчи Хидэмарү багшаас суралцах нь

Билл Робетс

Энэ өдөр Нагояа салбар төвийн Цүки-нами баярт оролцон, та бүхэнтэй мэндчилж буйдаа туйлын их баярлаж байна.Нагояа бол миний хувьд бурханы гэрээр 9 дэхь удаа айлчилан, 6 дахь удаагаа ярилцлага хийж буй орон нутаг болно.

Намайг Оомотогын бишрэн шүтэгч бус уншигч олонд зориулсан ном бүтээн,түүгээрээ дамжуулан Оомотог сурталчилах ажил хийж буйг та бүхэн нэгэнт мэдэж буй бизээ.Энэхүү ном нь ялангуяа Оомотогын явуулж ирсэн шашин хоорондын ойлголцолын үйлсийн зүтгэлтнүүд хийгээд урлаг соёлын зүтгэлтнүүдийн тухай илүүтэй өгүүлж буй.

Энэхүү номдоо Оомотогын орон нутаг дахь салбар төвүүд хийгээд тэндэхийн бишрэн шүтэгчдийн шашны болон бусад үйл ажиллагаанд хэрхэн оролцдог тухай илүү дэлгэрэнгүй тайларлахыг эрмэлзсэн бөгөөд, хүн нэг бүр өөр өөрийн онцлогтой байдгын адил салбар төв тус бүр бас өөр өөрийн онцлогтой байдаг.Гэсэн хэдий ч нийтлэг нэгэн зүйл байдаг нь Оомотогын үндсэн сургааль номлолын дор бүгд нэгдсэн байдаг билээ.

Өнгөрсөн 6-н жилийн турш Япон улсаар аялан, Оомотогын бишрэн шүтэгчид Хоккайдо арлаас Нагасаки хүртэл, Тоттори мужаас Токүшима хүртэлх орон нутагт байршиж, Хидэмарү багшийн хэлсэнчилэн аж төрөхүйн утга учрыг эрэлхийлж буйг сайтар ойлгосон билээ.

Хидэмарү гуйн нэрийг дурдсаны учир нь, би саяхан түүний бичиж үлдээсэн「Аж төрөхүйн утга учрыг эрэлхийлэх нь」 номын англи хэлний хувилбарыг уншиж дуусгасантай холбоотой юм.Түүнээс их зүйлийг ухаарсан билээ.Оомотогын бишрэн шүтэгчид, тэр дундаа залуучуудын дунд энэхүү номоос сэрэл ухаарал хүчтэй мэдэрч Оомотод чин сэтгэлийн угаас татагдах хүмүүс байгааг хараад сэтгэл тайвширсан болно.

「Аж төрөхүйн утга учрыг эрэлхийлэх нь」 ном нь, 80 гаруй жилийн тэртээ, тэр үед 20 гаруйхан настай байсан түүний өдрийн тэмдэглэлээс эмхэтгэн гаргасан гэж би сонссон.Хидэмарү багшын залуу цагын амьдрал, оюун санаа нь түүний дэвшүүлж байсан тухайн үзэл санааны хүрээнд илүү өргөн цар хүрээтэй хийгээд ижил тэгш оршиж, цаг үеээсээ түрүүлсэн үзэл оюун байсан бөгөөд, өнөөгийн цаг үед туйлын тохиромжтой зүйл билээ.

Хидэмарү багш, өнөөгийн юумс үзэгдэл хийгээд ялгаж салгахад туйлын бэрх хийгээд, эд материал цөм нь болсон энэ ертөнцөд оюун санааны төвшний аж төрөх ёс зүйн бодит зам мөрийн тухай тодорхойлж өгсөн байдаг ба 『Сүнс болоод бие мах бодь тус тусдаа орших боломжгүй』 хэмээн хойчийн бидэнд зөвлөн хэлсэн байдаг.

Мөн тэрээр 『хүмүү нь нь өөрийн харьяалагдах ертөнцөд өөрийн хичээсэн хувь хэмжээгээрээ л хорвоо ертөнцийг таньж мэдэхээс хэтрэхгүй』 хэмээн бичсэн байдаг.Миний бие Оомотогын олон салбар төвөөр аяласан бөгөөд хаана ч очсон өдөр тутмын аж амьдралдаа оюуны бясалгалыг бодитоор хийж буй Оомотогын хүмүүнтэй учирч явсан билээ.

Улмаар миний бие аж амьдрахуйн утга учрыг эрэлхийлэн өнөөгийн бүтээж буй номыг хамтатгаад жил бүр ирж Оомотогын үйл ажиллагаанд оролцож буй бөлгөө. 『Хүмүүн нь цаг ямагт ямар нэгэн зүйлийг шинээр бүтээж байх учиртай』 хэмээх Хидэмарү багшын сургаальтай санал нэг байдаг.Иймээс би шинээр бүтээж эхэлсэн ажлаасаа орчин цагын уран бүтээлч болох зам мөр тийш зүтгэж яваа нэгэн юм.

Анх 1999 оны хавар, миний шаазан урлалын Колин Киберт багшийнхаа хамтаар Оомотод зочилж байсан билээ..Колин багш бол 1985 онд Оомотогын зохион явуулсан уламжилалт соёл урлагыг сурталчилан таниулах сургалтад хамрагдан төгссөн нэгэн юм.

Өнгөрсөн 6-н жилийн хугацаанд Колин багш нийт 5-н удаа өөрийн сурагч оюутнуудыг дагуулан Оомотод зочилсон байдаг.Аялалын гол зорилго нь Японы уламжилалт соёл урлагтай биечилэн танилцах явдал юм.Миний бие энэхүү арга хэмжээнд 1999, 2000, 2001 онд тус тус оролцсон билээ.

2001 оны хавар намайг 3 дахь удаагаа Японд ирэх үед, тухайн үеийн Оомотогын төв удирдлагын гадаад харилцааны албаны дарга асан Дэгүчи Масато гуай надад, гадаад харилцааны албаны англи хэл дээр гүйцэтгэн эмхэтгэх ажил санал болгосон билээ.

Улмаар би 2001 оныг сүүлч, 2002 он, 2003 онд тус тус сайн дурын гишүүнээр Японд ирсэн юм.Энэ удаа бол Оомотогын цахим хуудасны англи хэлний нүүрт өөрийн бичсэн нийтлэлийг өөрийн хальснаа буулгасан гэрэл зургын хамт дэлгэн үзүүлэх ажлыг хийж байна.Мөн бүтэн нэг жилийн турш Оомотод байрлан, дээр дурьдсан номыг бүтээж буй болно.

Цахим хуудас болон энэхүү номоороо дамжуулан Оомотог мэдэхгүй гадаад орны хүмүүст Оомотог таниулан сурталчилах зорилготой юм.

Оомотогын үйл ажилд биечлэн оролцох саналын би баярлан хүлээн авсан билээ.Ингэх учир шалтгаан олон буй бөгөөд түүний хоёрын тухай энд богинохон өгүүлэхийг хүсэж байна.Эдгээр нь Дэгүчи Хидэмарү багшын сургаальтай холбоотой зүйл билээ.

Юуны түрүүнд бурханаас заяасан авьяас чадлыг өөрийн аж амьдралд зориулаад зогсох бус, бусдын төлөө зориулах ёстой хэмээн бодож байна.Энэ ухагдахуун нь гол төлөв урлаг соёлын зүтгэлтнүүдийн хувьд илүүтэй хамааралтай.Тиймээс өөрийн эрдэм авьяасаа нийтийн сайн сайхны төлөө зориулах үүрэгтэй.

Нэгэн жишээ дурьдая.1989 онд миний аж төрж буй калифорни мужид том хэмжээний газар хөдлөлт болсон юм.Газар хөдлөлийн төв цэг нь Колин багшын аж төрдөг Санта-Крүз хотын ойролцоо байлаа.

Колин багш, тухайн бүс нутгийн урлагын зүтгэлтний хамтаар сургуулийн сурагчдад газар хөдлөлтийн тухай тэдний юу мэдэрснийг зуруулан, өнгө будгаар ялгуулсан билээ.Энэ нь хүүхдүүдийн мэдэрсэн аймшиг болоод сэтгэлийн цочролыг ил гаргах нэгэн төрлийн сэтгэл зүйн эмчилгээ байлаа.

Энэ нь өөрийн авьяасыг өөрийн төлөө бус илүү өргөн хүрээнд нийтийн төлөө зориулсан нэгэн жишээ хэмээн миний бие бодож байна.

『Аж төрөхүйн утга учрыг эрэлхийлэх нь』 номдоо, Дэгүчи Хидэмарү багш『Намайг энэ орчлон хорвоод хүн төрлийг олж төрж ирэх зөвшөөрөлийг олгосон нь энэ ертөнцөд надад хийж гүйцэтгэх ямар нэгэн даалгавар буй буйзаа хэмээн бодном.Нийгэм дэхь өнгө гялбам нэр төр, алдар гавьяа төдийгөөр бас хязгаарлагдахгүй болов уу.Ямартай ч би гэдэг хүмүүн энэ ертөнцөд оршиж байсныг батлах дурьдатгал болгон хойч үеийнхэнд ямар нэгэн зүйлийг үлдээхгүй бол болохгүй』 хэмээн өгүүлсэн байдаг.

Энэ нь уран бүтээлчийн зам мөрөөр замнаж буй надад ч хамааралтай зүйл бөлгөө.Уран бүтээлч гэх өөрийн бичгийн болоод бусад авьяасаа би Оомото болоод Америк дахь хэд хэдэн төрийн бус байгууллагуудад туслах хэлбэрээр зориулж байна.Хэдийгээр бичил ч гэлээ бурханаас надад заяасан авьяасыг нийгмийн сайн сайхны төлөө зориулан ямар нэгэн хэрэгтэй зүйл хийхийг эрмэлзэж байгаа болно.

Миний үндсэн ажил бол Америкийн Силикон Валли хотын чөлөөт сэтгүүлч билээ.Олон төрлийн сэтгүүлд технологи болон бизнесийн тухай голлон бичдэг.Хэдийгээр би шүлэг тууж зохиодог ч, сэтгүүл зүйгээр өөрийгөө сорих бодолтой.

Би өөрийн авьяас чадалдаа талархахын зэрэгцээ, өглөө бүрийн мөргөлийн үеэр уран бүтээлчийнхээ хувиар ямар нэгэн үйлийг ямар нэгэн хэлбэрээр нийгмийн сайн сайхны төлөө оруулахын төлөө залбирдаг юм.

Дэгүчи Хидэмарү багш, талархах сэтгэл хийгээд залбирч мөргөхийн чухлыг номлосон байдаг. 『Ямагт талархах болоод баярлах сэтгэлээр аж төрөх нь итгэл сүсгийн үндсэн цөм юм』 хэмээгээд, мөн 『талархах сэтгэл хийгээд мөргөл залбиралгүй итгэл сүсгийн зам мөр гэж үгүй』 хэмээн хэлсэн байдаг.

Миний энэхүү ажлыг хүлээн авах болсон бас нэг учир шалтгаан бол, Оомото нь дэлхий нийтэд хандан нэгэн чухал мессежийг илгээж буйд оршино.Энэ ертөнцөд шашин шүтлэг, үндэс угсаа, гарал үүсэл, соёлын өөр хоорондоо ижилгүй байдал болоод тэдний амин хувиа хичээсэн үзэл нь бүхий л гай тотгорын уг үндэс болж буй.

Оомтотогын илгээж буй дээрх нийгүүлсэнгүй мессеж, түүний мөн чанар нь өнөөгийн харилцан бие биенээсээ хамаарал бүхий ээдрээтэй энэ цаг үед түүний утга санааны чухалыг бид улам бүр ухаарч байна.Оомотогын үндсэн сургаалын нэг болох 「Банкёо-доокон буюу бүх шашин нэгэн эх язгууртай」 гэх сургаалын би нийгүүлсэнгүй үзлийн үндсэн цөм хэмээн үздэг.

Үүний тухай Хидэмарү багш дараах зүйлийг хэлсэн байдаг.『Хэрэвзээ хүмүүн нь бурханы бодит оршихуйд үнэхээр итгэх аваас, түмэн бодисыг хайрлах хайр хийгээд энэрэх сэтгэлийг бас эзэмших шаардлагатай.Гэсэн хэдий ч энэ ертөнцөд, өөрсдийн сургааль номлол л туйлын гагц нэмээн үзэж бусад сургааль үзлийн оршихуйг үгүйсгэгч хүмүүн бас байсаар л байна.Мөн бусад шашныг адлан үзэгч хэт даврагсад бас бидэнтэй зэрэгцэн оршсоор байгаа билээ..Энэ нь туйлын харамсалтай эндүүрэл бөгөөд харанхуй төөрөгдөл юм.Шашин хийгээд түүний урсгал, илэрхийлэл нь цаг хугацаа, газар орон, хүрээлэн буй орчин, хувь хүнээс шалтгаалан өөр хоорондоо ижилгүй байдгаас улбаатай』 хэмээсэн байдаг.

Дээрх зүйлийг Хидэмарү багш бичиж үлдээсэн цаг хугацаа нь эдүгээгээс 80-н жилийн тэртээ юм.Гэсэн хэдий ч өнөөгийн бидний аж төрж буй энэ цаг үед ч дээрх үзэл яв цав таарч буй хэмээн бодогдоно.

Өнөөдөр Исламын шашинтны дунд дэлхий ертөнцийг исламчилах үзэл бүхий нэгэн хэсэг буй.Улмаар үнэн алдартны урсгал хэмээн нэрлэгдэх еврэйн шашины бишрэн шүтэгчдийн дунд Палестин хүний оршихуйг үгүйсгэн, тэдэнтэй үг дугарахыг хүртэл хориглодог хүмүүс ч бас байдаг.

Шашин хийгээд түүний эрх чөлөөт байдлыг үндсэн тунхаг болгон үүсэн байгуулагдсан миний эх орон болох Америкад ч Христын шашны үзэлтнүүд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.Тэд өөрсдийн сонгосон шашны сонголтоо Америк улсын хууль дүрэмд тусгах тухай шаардлагыг засгийн газарт тавьж эхлээд байгаа болно.

Энэ мэт шашны тухайх явцуу хавчиг үзэл нь хүн үүссэн цагаас эдүгээг хүртэл хүн төрлөхтнийг тарчлаан зовоож байгаа билээ.

Эцэст нь би бас нэг зүйлийг нэмж ярихыг хүсэж байна.Юу гэвээс,энэ бол бас л Хидэмарү багшын сэдвийг хөндсөн зүйл бөгөөд анх Япон улсад зочилсны дараа Япон хүн тэргэл сарнаас туулай олж хардаг хэмээн сонссон билээ.Америк хүн бол тэргэл сарнаас туулай бус эрэгтэй хүний нүүр царай хардаг юм.Япон хүн тэргэл сарнаас туулай хардаг хэмээн сонссон цагаас л дараагын тэргэл сар гарах өдрийг тэсэн ядан хүлээсэн бөгөөд тэр өдөр ч болж, би бүх чадлаараа тэргэл сарнаас туулай хайв.

Улмаар уйгагүй хайсны эцэст туулай олох нь тэр.Тэр бол миний өөрийн Америк хүний үзэл болох тэргэл саранд эрэгтэй хүний царай харагддаг хэмээн бодлоо өөрөөсөө авч хаясан яг тэр мөчид тохиосон явдал билээ.Дараагын тэргэл сартай шөнө та бүхэн өөрсдийн туулай харагддаг хэмээх уламжилалт бодлоо хаяж, эрэгтэй хүний царайг олж харах гээд нэг үзээрэй.

Үүгээр дамжуулан миний хэлэх гэсэн зүйл бол, хүн төрлөхтөн сарыг харахдаа хүртэл бүгд өөр өөр өнцгөөс харж буй бөгөөд үүнээс хол илүү адармаатай ойлголт болох шашины тухай бол бүр ч ээдрээтэй зүйл бөгөөд,цаг хугацаа, орон нутаг, соёл эргэншилээс хамааран улам төвөгтөй байх нь тодорхой билээ.

Хидэмарү багш бол үүний тухай хэнээс ч илүү гүн ойлголттой байсан нь тодорхой. Хидэмарү багш 『Угын бурхны чанадын оршихуй нэг бөгөөд түүнийг тайлбарлах тайлбар, мөн тайлбарлагч хүмүүнээс шалтгаалан бурханы хэлбэр дүрс өөр хоорондоо адилгүй』 хэмээсэн байдаг.

Энэ үгийг би дараах байдлаар задлан ойлгосон юм.Бид бүхэн огтогуйн угын бурханд залбирдаг.Бурхан хийгээд түүний илэрхийлэл нь л өөр хоорондоо харилцан адилгүйгээс хэтрэхгүй.

Энэ бол Хидэмарү багш болоод Оомотогын нийтэд илгээж буй чухаг мессэжийн нэг болно.Мөн энэхүү үзэл нь миний бүтээн туурьвиж буй номын ч мессэж болно.

photo
Нагояа салбар төвд, нутгийн бишрэн шүтэгч Ито Ёшинори
гуайн бүтээсэн Хидэмарү багшийн таталбар хөрөг байлаа.
photo
Нагояа салбар төвийн Цүки-нами баярын бэлтгэл хангаж буй нь.
Төвийн тэргүүн Ишихара Мацүо гуай болоод Мива Тэрүкагэ нар
Тамагүши-хоотэн ёслолд хэрэглэх нарс модны мөчир ангилж буй нь.
photo
Эмэгтэйчүүд цайны ёслолын өргөөг цэвэрлэж буй нь.
photo
Якүмо ятгын бэлтгэлээс
photo
Хори Ёшио тэргүүн цахим үзүүлбэрт бэлдэж буй нь.
photo
Баяр ёслолын сургуулилалт хийж буй гэсгүй болон хуврагууд.
photo
Цүки-нами баярын өдөр бүх зүйл хэвийн явагдав.
Энэ 2 залуу бол Хори Ёшио гуайн хүүхдүүд юм.
photo
Хори Ёшио гуай ариусгах ёсыг хариуцан гүйцэтгэсэн юм.
photo
Ёслолын дараа гадны зочид төлөөлөгчдөд
зориулсан Якүмо ятгын тусгай тоглолт болов
© 2008 OOMOTO. All rights reserved.