おほもと Oomoto

Тоттори аймгийн салбар төвийн залуучууд

Билл Робетс

Тоттори аймаг дахь Оомотогын салбар төвийн 10 сард болсон Цүки-нами баяр ёслолд оролцсон лам хуврагуудын тэн хагасаас илүү нь 16-30 насны залуучууд байлаа.Их бурханд өргөл өргөх ёслолын үеэр би үүнийг ажигласан юм.

Энэ мэт олон залуучууд ёс үйлдэж буй дүр зургыг Камэ-ока дахь Тэн-он-кёод зохион явагдсан залуучуудын бүлгэмийн Цүки-нами ёслолын үеэр л ганц удаа харж байсан билээ.Тэр баяр ёслолын лам хуврагууд бүгд залуучууд байсан.Миний бие орон нутагт байх Оомотогын ихэнх салбар төв, бурханы гэрээр аяласан хэдий ч голдуу настан хүмүүс олон байсан бөгөөд залуучууд юмуу эсвэл гэрийн эзэгтэй, эмэгтэй хүн ёслол удирдаж байхыг ховор харсан санагдана.

Энэ өдөр зохион явагдсан Тоттори аймгийн салбар төвийн Цүки-нами ёслол нэн өвөрмөц боллоо.

Юу болсон юм бол гэж та гайхаж магад.Энэ өдөр миний тоолсноор 10 орчим залуу тус баяр ёслолын гэсгүй,лам хуврагаар ажиллаж байсан.Энэ нь Тоттори төвийн хувьд ч, Оомотогын хувьд ч чухаг зүйл билээ.

Арван мянга гаруйхан өрх айлаас сүсэгтэн олон нь бүрдэх Оомото шиг жижигхэн хэмжээний шашны байгууллага,тэр тусмаа сүсэгтэн бишрэн шүтэгчид нь зөвхөн Япон улсад буй байгууллагын хувьд 21-р зуунд өөрсдийн бурханаас хүлээн авсан зарлиг лүндэнг бодитоор биелүүлэхийн тулд мэдээж залуу үеийнхэнд найдах зүйл олонтаа буй.Оомотог сонирхсон хүмүүнийг урин залж үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй сурталчилдаг хэдий ч өөрийн шашиний тухай суртал ухуулага хийдэггүй юм.Иймээс бусад шашны байгууллагаас илүүтэйгээр залуучуудад итгэл өгөх нь Оомотогын хувьд их чухал зүйл билээ.

Нөгөөтэйгүүр Тоттори аймгийн салбар төв шиг идэвхи чармайлт бүхий залуучуудын бүлгэмтэй орон нутаг цөөхөн билээ.Залуучуудын бүлгэм нь Оомотог ирээдүйтэй холбох гүүр бөгөөд Тоттори аймгийн энэхүү гүүр нь бат бөх зүйл юм.

Мөн энэ өдөр бол зүгээр нэг Цүки-нами баяр бус, салбар төвд шинэ бурханы өргөөг барьж дуусгаснаа их бурханд айлтгах ёслолыг гүйцэлдүүлэх баярын өдөр байсан ба энэхүү ёсыг залуучууд гүйцэтгэж буй нь хамгийн чухаг үйл явдал байлаа.

Энэ баяр ёслолд тав дахь үеийн Дэгүчи Күрэнай тэргүүн, Оомото төвийн тэргүүн Шимамото Күнихико гуай хийгээд бусад орон нутаг дахь салбар төвүүдээс олон тооны бишрэн шүтэгчид, даган баясагчид ирж оролцсон юм.Ойролцоогоор 300 гаруй хүмүүс ирсний 100 гаруй нь орон нутгийн бусад төвөөс ирсэн байлаа.

Лам хуврагаар ажиллах нь

Оомотод хурал номын лам хуврага гэсэн тогтмол орон тоо байдаггүй.Хөгшин залуу үл ялган(6-н наснаас дээш)шашны баярын ёс жаягт суралцдаг.Оомтогын ихэнх бишрэн шүтэгчид шашны баяр ёслолын үйлд оролцох бөгөөд энэ нь Оомотогын бас нэг онцлог юм.

Би энэ оны 2 сард Тэнсэй-шя(Тэнгэрийн дуу хоолой)компанид хэвлүүлэн гаргасан「Оомотогын жинхэнэ дүр」 номоо бүтээхээр Японы орон нутагт байх ихэнх салбар төвөөр сурвалжлага судалгааны ажлаар тойрон аяласан билээ.Тэгж явахдаа「шашны баяр ёслолын үеэр лам болж ёс гүйцэлдүүлэх их сайхан тул би Оомотод итгэл үнэмшилээ өгсөн」 хэмээн хэлэх хүн олон байсан.

Оомотогын бишрэн шүтэгчдийн хувьд шашны зан үйл, баяр ёслолын гишүүнээр ажиллах боломж олонтаа тохиодог юм.Өөрсдийн харьяалагдах төвийн Цүки-нами баяр, салбарын Цүки-нами баяр, өөрийн гэртээ үйлдэх Цүки-нами баяр байх ба мөн хурим найр, нас нөгчигсөдийг үдэх ёслол хийгээд өдөр тутам үйлдэх өглөөний болоод оройны мөргөлийг удирдах гээд олон боломжууд буй.

Хэн ч бай ялгаагүй шашны ёсыг гүйцэлдүүлж лам хуврагаар ажиллаж чадах энэ онцлог нь бусад шашны байгууллагатай харьцуулахад нэн өвөрмөц билээ.Шашны салбар дахь ардчилалын зарчмын бодит нэг дүр хэмээн би боддог.

Одоогоос 2 жилийн өмнө анх намайг ном бүтээх ажлын судалгааны шугамаар Тотторид ирэх үед тэр үед болсон шашны баяр ёслолын гэсгүй болоод ламаар 2 залуу, мөн 1 эзэгтэй ёс гүйцэлдүүлж байсан билээ.Өндөр настай эрчүүд хүссэн ч гэлээ тэр болгон лам хуврагаар ажиллах боломжгүй хэмээн сонсов.Энэ нь залуучууд болоод эзэгтэй нарт боломж олгосон зөв зүйтэй алхам байж магадгүй юм.Ихэнх салбар төвүүдэд жилд нэг л удаа эмэгтэй хүн Цүки-нами баярын гэсгүйгээр ажиллаж болно гэсэн тогтсон журамтай байдаг.

Анх би Тотторид ирэх үед Их тахилагын арын өрөөнд 4 хоног байрласан билээ.Яг тэр үед төвийн нөхдүүд хуучин барилгаа нураан шинэ барилга барих шийдвэрээ гаргаж байсан юм.Уг барилга нь 100 гаруй жилийн настай бөгөөд халуун рашааны газар байсан тул хуучирч муудан,энд тэндгүй хөгц тогтсон байлаа.

Миний бие Тоттори салбар төвд зочилсон анхны гадаад хүн байсан тул бурханы шинэ өргөөг барьж дуусаад нээлтийн ёслолын арга хэмжээнд заавал ирж оролцоно уу хэмээн салбар төвийн тэргүүн Тага Нориюүки гуай урисан тул түүний ачаар 2006 оны 10 сарын 8 өдрийн барилга дууссаныг их бурханд айлтгах ёслолд оролцох хувь тохиосон бөлгөө.

Бурханы шинэ өргөө нь үзэсгэлэнтэй барилга байсан бөгөөд урьдны өргөөнд байсан үндсэн 3-н онцлогыг тэр чигт нь шингээн хадгалсан байсанд миний сэтгэл ихэд баясаж билээ.Юу гэвээс нэг л газар дээр барьж босгосон тул халуун рашааныг ашиглан нийтийн усанд орох газар байгуулж, удаах нь 50 гаруй жилийн настай цайны ёс гүйцэтгэх өрөөг хэвээр нь үлдээсэн, эцсийнх нь өргөгч цамхаг ашиглан байшинг бүхлээр нь өргөн 30 гауй метрт байх шинэ барилгатай нийлүүлэн холбосон үйл байлаа.

Мөн гадна талд байсан 2 чулуун хөшөөг тэр хэвээр үлдээсэн байв.Энэ нь Ёши-окагын тунхаг хэмээх түүхийн чухал дурсгал юм.Ёши-ока халуун рашаан гэдэг нь уг газрын оноосон нэр бөгөөд энэ газар нэгэн цагт Дэгүчи Онисабүро гэгээнтэн айлчилан ирж хэдэн долоо хоногын турш морилон саатаж байсан түүхтэй.Тэр үед гэгээнтэн нийтэд хандан нэгэн зүйлийн зөгнөл айлдсан бөгөөд энэ нь туйлын чухаг утга санааг агуулж байсан тул Оомотогын нийт бишрэн шүтэгчдийн дунд Ёши-окагын тунхаг хэмээн нэрлэгдэн үлдсэн билээ.

Шударга хичээнгүй хийгээд хөгжилтэй бүлгэм

Анх Тоттори аймгийн салбар төвд зочлон ирсэн нэг орой эндэхийн арваад залуучуудтай уулзсан юм.Цүки-нами ёслолын өмнөх өдрийн орой тэд төвдөө цугларан баяр ёслолын бэлтгэл базаан тэндээ хоноглосон билээ.

Бид юуны тулд Оомотогын бишрэн шүтэгч болон хийгээд ардын уламжилалт соёл, зан заншилд суралцах үйлд яагаад ингэж их идэвхтэй оролцдог тухай гээд олон сэдвээр яриа дэлгэсэн билээ.Ярианы сэдэв дотоод сэтгэлийн асуудал тийш хэлбийхэд тэд туйлын болгоомжтой няхуур болох бөгөөд тэдний угын төлөв байдал нь их хөгжилтэй чөлөөтэй залуучууд байлаа.Улмаар бидний яриа хөрш зэргэлдээх архины мухлагт үргэлжилэн өрнөсөн юм.

Тоттори аймаг нь Хоншюү арлын баруун хэсэг, Япон тэнгисийн эрэг даган урт нарийн хэлбэртэй тогтож, газар тариалангын талбай, уул толгод, далайн эрэг гээд харьцангуй байгалын унаган төрх тэр хэвээр хадгалагдан үлдсэн үзэсгэлэт нутаг байсан хэдий ч залуучуудад тийм ч тохиромжтой орон нутаг хэмээн надад бодогдоогүй юм.Энэ газрын эдийн засгийн үндсэн хөшүүрэг нь газар тариалан, загас агнуур, аялал жуулчлал гэсэн салбарууд дээр тогтоно.Тус аймгийн баруун биед Дайсэн уул тэнгэр баганадан сүндэрлэх бөгөөд энд цана чаргаар гулгах аялагчид хуран чуулна.Газар нутгийн хэмжээгээр томд орох хэдий ч хүн амын тоогоор цөөн, мөн залуу хүмүүст ажиллах ажлын байр бараг үгүй газар нутаг билээ.

2 дахь удаагынхаа айлчилалаар дахин эдгээр залуустай уулзсан юм.Энэ удаа бид Тоттори хотын далайн зоогын газарт очицгоов.Тэдний нэгийг Юүжи Тонай гэх бөгөөд тэрээр Тоттори төвийн залуучуудын бүлгэмийн тэргүүн ба барилгын инженерийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй. Өөр нэг нь Танака Күмико гэх охин байсан.Тэрээр их бурханд шинэ төвийн барилга дууссаныг айлтгах ёслолын ятгачинаар ажилласан бөгөөд түүний үндсэн ажил нь хэлгүй хүүхдийн гар ярианы орчуулагч билээ.

Тонай болоод Танака 2 Тоттори аймгийн залуучуудын хувьд нэлээд ирээдүйтэй ажил мэргэжил сонгосон гэж би бодсон.2 дахь удаагынхаа айлчилалаар залуучуудын хувьд өөрийн төрсөн нутагтаа ажиллах ажлын байр олдохгүй хэцүү байдгыг мэдэж авсан билээ.

Тоттори төвийн тэргүүн Таго гуай ярихдаа, залуусыг уугуул нутагт нь тогтоон барих нь нарийн төвөгтөй асуудал бөгөөд Оомотогын ирээдүйг мөрлөж явах нь залуучууд гэдгийг сайтар ухаарч байгаа гэв.Төвийн төсөв нэмэгдэх хасагдах үе гардаг ч залуучуудын бүлгэмийн үйл ажиллагааны төсвийг хэвээр үлдээж, мөн ажиллах өрөө танхим, шашны баяр ёслолын бэлтгэл хангах сургуулилалт, уламжилалт зан заншил, соёлд суралцах нөхцөл бололцоо зэргийг хангахын зэрэгцээ тэдний үйл ажиллагааны зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг өөрсдөд нь даатгадаг гэлээ.Би түүнийг их ухаалаг хүмүүн байна гэж бодсон.Ёслолын үеэр Таго гуай гэсгүйгээр ажиллаж залуучууд бусад ёс гүйцэтгэсний учрыг би дээрх яриаг сонссоны дараа ойлгосон юм.

写真
Залуусын бүлгэмийн тэргүүн Тонай Юүжи зан үйлийн гэсгүйгээр ажиллаж буй нь
写真
Төвийн шинэ байрилга дууссаныг их бурханд айлтгах ёслолын лам хуврагаар ажиллах залуус.Зүүн гар талаас 3 дахь нь залуусын бүлгэмийн тэргүүн Тонай Юүжи
写真
Залуусын бүлгэмийн тэргүүн гишүүн Танака Күмико ятга тоглож байгаа нь.(өмнө эгнээний төв хэсэг)
写真
Тоттори төвийн бурханы өргөөний үүдэн хэсэг
写真
Цайны ёслолын хуучин өргөө хийгээд бурханы шинэ өргөөний залгаас хэсэг тодхон харагдаж байна.
写真
Тотторигийн далайн эрэг
写真
Дайсэн уул нь Тоттори аймгийн аль ч өнцгөөс сайтар харагддаг
写真
Оомото төвийн гишүүнтэй хамт оройн зоог барьж буй Тотторигийн залуус
© 2008 OOMOTO. All rights reserved.