おほもと Oomoto
Seeking Harmony with Nature

Эх байгальтай уусан зохицохыг эрмэлзсээр

Билл Робетс

Юуны түрүүнд нүдэнд тусах нь уян налархай долгиолсон шугам бүхий уран хийцэт Чёо-сэй-дэн (Түмэн наслахын өргөө хийд) хийдийн дээврийн хэлбэр юм.Түүний ар шилд дүнсийх давжаахан уулын дүр зурагтай уусан зохицож, үзвээс нэгэн цогц мэт харагдах ажгуу.Энэ нь ямар нэгэн санаандгүй тогтсон зохицол биш бөлгөө.Байгаль хийгээд түүнтэй уусан зохицох ёс гэдэг нь Японы уламжилалт барилгын нэгэн чухаг онцлог болно.Улмаар энэхүү эх байгальтай уусан зохицох ёс нь Чёо-сэй-дэн хийдийн хувьд мөн л чухаг үүрэгтэй.

Чёо-сэй-дэн гэдэг нэрийн утга нь өнө мөнхөд орших барилга хэмээх утгыг агуулах бөгөөд Аяабэ хотод байх Оомотогын шашны зан үйлийн чухал төв юм.Энэхүү хийд нь уян налархай шинж төрхийг агуулсан Японы уламжилалт барилгын нэг бөгөөд энэ шинж төрхийг бүрэн илэрхийлэгдэхээр зурагдаж төлөвлөгдсөн байдаг.

「Бидний хамгийн их анхаарал тавьсан зүйл бол хийдийн барилга хийгээд түүний ар шилд орших уулс,тэдний зөв зохицолыг эрэлхийлэх байлаа」 хэмээн хийдийн барилгын ажлыг удирдагч Ивасаки Күнио гуай хуучилсан билээ.Энэхүү хийдийг Оомото байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан барьж бүтээсэн бөгөөд барилгын ажил нийт 6 жил үргэлжилсэн юм.

Чёо-сэй-дэн хийдийг анх Мирокү-дэн хийдээс хэмжээгээр том байхаар төлөвлөж байсан гэдэг.Мирокү-дэн хийд гэдэг нь Чёо-сэй-дэн хийдийн ойролцоо орших хайр хийгээд энэрэлийн сэтгэлийг илэрхийлсэн байгууламж бөгөөд барилгын технологийн хувьд орчин үеийн арга барилыг эртний уламжилалт аргатай хослуулан, 1953 онд барьж байгуулжээ.

Гурав дахь үеийн тэргүүн Дэгүчи Нао гуай анх Чёо-сэй-дэн хийдийг барьж бүтээх саналыг гаргасан бөгөөд түүний дотны архитекторч Мокү Масао гуайн 「эх байгальтай уусан зохицсон өнгө аяс нь чухаг бөгөөд барилгын том жижиг байх нь тийм ч чухал биш」 хэмээх зөвөлгөөг даган эцсийн шийдвэрийг гаргаж байсан түүхтэй.

 Иймээс анх төлөвлөж байсан хэмжээнээс зориуд багасган төлөвлөсөн гэдэг.Учир юу гэвээс, Чёо-сэй-дэн хийд хэдий чинээ жижиг байна төдий чинээ эргэн тойрны уул толгодтой илүү уусан зохицоно хэмээн үзсэнээс үүдэлтэй хэмээн Ивасаки гуай хуучилсан юм.

Ивасаки гуай нийт 55 жилийн турш Оомотогын бүхий л бүтээн босголтод гар бие оролцож ирсэн нэгэн билээ.Тэрээр эдүгээ 83 нас сүүдрийг зооглож буй бөгөөд энэ насан дээрээ ч өнөөдөр Оомотогын өндөр настнуудад зориулсан асрамжийн газрын барилгын ажилд оролцож байна.

Тэрээр「Борви бохисхийлгүй ажиллах үүргийг бурханаас би хүлээсэн」хэмээн хэлэх дуртай бөгөөд давжаа хэрнээ хатуу чанга биетэй хүмүүн бөлгөө.

Тэрээр ямар нэгэн асуултад энгийн хөнгөн хариулана гэж үгүй.Барилгын технологи, түүхий эд материалыг сонгох үеийн анхаарвал зохих зүйлс,мөн Оомтог үндэслэгч их багшийн нэг болох Онисабүро гэгээнтэнтэй ярьж зөвлөлдөж байсан тухайгаа нарийн тайлбарлан бахархан хуучилсан юм.

Түүнтэй орчуулагчаар дамжуулан ярилцсан тэр өдөр бол 2001 оны 11 сарын 6 өдөр байсан бөгөөд энэ өдөр Оомотог үүсгэн байгуулагч Дэгүчи Нао их багшийн тэнгэрийн оронд харьсныг тэмдэглэн өнгөрүүлэх намрын улирлын их баяр ёслолын өдрийн үдийн хойно байлаа.Тэр өдөр тэнгэрийн байдал тогтворгүй, мөн моддын навчис гүн улаан хийгээд алтан шаргал өнгөнд хувирч байсан үе билээ.

Тав дахь үеийн тэргүүн Дэгүчи Күрэнай гуайн удирдлага дор нийт 2000 гаруй бишрэн шүтэгчдийн хамтаар энэ өдрийн үдийн өмнө намрын улирлын их баяр ёслол нээлтээ хийсэн юм.Тав дахь үеийн тэргүүн бол үүсгэн байгуулагч Дэгүчи Нао багшийн үр удам бөгөөд энэ жил тэнгэрт хальсан 4 дэхь үеийн тэргүүний эгч дүүсийн хүүхэд билээ.Күрэнай гэдэг нэр нь намар цагын энэхүү өнгө төгөлдөр улиралтай үнэхээр зохицох нэр бөгөөд улаан ягаан гэсэн утгыг билэгддэг юм.

Тэргүүний өргөөг барьж бүтээх нь их дадлагын талбар болсон

Ивасаки гуайтай хийсэн ярилцлага нь Аяабэд байх тэргүүний өргөөний Рёокүжюү Яката хэсгийн зочны асарт болсон билээ. Рёокүжюү Яката өргөөг Чёо-сэй-дэн хийдийг барьж босгохоос хэдэн жилийн өмнө уламжилалт технологийн дагуу барьж байгуулсан юм.

Рёокүжюү Яката өргөө нь хүлээн авах хэсэг, мөргөлийн танхим, зочны өргөө, тэргүүний хувийн өрөө болоод цайны ёс үйлдэх өрөө,мөн цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдэх уламжилалыг хадгалсан бүрэн цогц байгууламж юм.

Энэхүү байгууламж нь хожмоо Чёо-сэй-дэн гэх илүү том хэмжээний цогцолборыг барьж босгоход чухал дадлага туршлагын талбар болжээ.Чёо-сэй-дэн нь нийт 5-н том хэмжээний хэсгээс бүрдэх бөгөөд тэдний 2 нь шашны зан үйлийн өргөө юм.

Рёокүжү Яката өргөөг барьж бүтээж байх үед үнэхээрийн Чёо-сэй-дэн хийдийг барьж босгож чадах эсэхээ мэдэхгүй байсан хэмээн Ивасаки гуай дурсан ярьсан юм.Тэрээр нэмж хэлэхдээ, хожим нь бодож байхад Рёокүжюү Яката өргөөг барих ажил нь Чёо-сэй-дэн хийдийг барьж босгох үйлийн урьдчилсан дадлагын сайн талбар болж өгсөн бөгөөд эндээс л бүх бэрхшээлийн учгыг тайлах арга замаа олсон доо хэмээсэн билээ.Түүний хэлж буйгаар хамгийн том асуудал нь модон материалын сонголт байсан гэнэ.Энэ байгууламжид маш том хэмжээний Сүги мод их хэмжээгээр шаардлагатай байлаа.Хамгийн гол нь том байх хэрэгтэй байсан.

Уламжилалт арга барилаар барих Япон барилга гэдэг нь тухайн барилгын бүхий л хэсэг хоорондоо нэг бүтэн сүги модны гуайлинг цуулан нэг ширхэгч хадаас хэрэглэлгүй өөр хооронд нь угсарч хийх оньст арга билээ.Хувааж зассан бүхий л хэсэг хоорондоо яв цав таарч байх ёстой.

Жишээлбэл, Рёокүжү Яката өргөөны нэг жижиг өрөө нь ердөө нэг ширхэг гуалингын цуулбараас бүтсэн байдаг.

Ивасаки гуай Шиманэ аймагт төрсөн бөгөөд хайж байсан Гималайн сүги модоо өөрийн төрсөн аймгаас олжээ.Шиманэ аймаг нь Аяабэ хотоос баруун хойд зүгт Япон тэнгисийн эрэг дагуу байршдаг.Тэрээр ойгоор явж огтлох модоо өөрөө сонгон унагаж, улмаар ачааны тэргээр Аяабэд зөөсөн юм.Хайж байсан энэхүү мод нь ойролцоогоор 300 гаруй жилийн настай байсан бөгөөд түүний диаметр нь 1,5 метр байлаа.Дээрх барилгад мөн нарс мод их шаардлагатай байсан бөгөөд зарим нь 500 жилийн настай мод байсан билээ.

Оомтогын бишрэн шүтэгчдийн дотор мужаан хүн олон байсан бөгөөд эдгээр байгууламжуудыг барьж байгуулах болсныг мэдсэн даруйдаа тэд нийт Японы өнцөг булан бүрээс цуглан гар бие оролцсон юм.

Орчин цагын модны мужааны нэгэн адил тэдний хэнийг нь ч уламжилалт технологийг эзэмшсэн хэмээн хэлэх боломжгүй байлаа.Эртний уламжилалт арга технологид хадаас хийгээд бусад ямар нэгэн төмөр хийц хэргэлдэггүй гэдгээс тэдний мэдлэг үл хэтрэх бөгөөд хэн нь ч хуучны энэ аргаар барилга барьж байгаагүй бүгд л туршлагагүй байсан.

Тиймээс энэ барилгын ажил нь бас 「тэдэнд сайн хичээл сургууль болсон」, 「тэд өдөр нь ажиллаж, шөнө нь шаардлагатай арга технолгид суралцсан」 хэмээн Ивасаки гуай хэлж байсан билээ.Иймээс тэрээр залуучуудад ойл сүх хэрэглэх арга, вааран дээвэр угсрах арга, өнгө шавар түрхэх арга, мөн орчны байгальтай уусган зохицолдуулах арга гээд эртний уламжилалт олон зүйлийг зааж сурган, дасгал сургуулилалт хийлгэх шаардлага гарсан.

Онисабүрогоос илгээсэн амттан

Дээрх 2 байгууламжийн барилгын ажлаар дамжуулан шинэ үеийн залуу мужаанууд Японы уламжилалт бурилгын технологийг эжэшиж, түүнд суралцах боломжийг давхар нээж өгөхөөр Дэгүчи Наохи гурав дахь үеийн тэргүүн төлөвлөсөн байжээ. Рёокүжү Якатаг барьж босгох үйлст 15-20-н залуу мужаан оролцсон бол Чёо-сэй-дэн хийдийг барьж бүтээх үйлст 150-200-н залуу мужаан оролцсон хэмээн Ивасаки гуай ярисан юм.

Ивасаки гуай Чёо-сэй-дэн хийд, Рёокүжү Яката цогцолбор, мөн эртний уламжилалт арга барилыг орчин цагын технологитой хослуулан бүтээсэн Камэ-Ока дахь Бан-шёо-дэн хийд(Өнө мөнхийн мандан бадралын өргөө)зэргийг барьж босгох ажлын хэсгийн даргаар ажилласан юм.

Тэрээр 5 жилийн цэргийн албаа дуусгаад 1946 онд Оомотогын бишрэн шүтэгч болсон бөгөөд тэр жилдээ Аяабэд анх хөл тавьжээ.Тэр цаг үеийн Аяабэд засгийн газрийн зүгээс 1921 он болоод 1935 онд явуулсан хэлмэгдүүлийн улмаас балгас нурангаас өөр юу ч байгаагүй хэмээн тэр хуучилсан юм.Түүний анхны ажил бол эвдэрч сүйдсэн барилгын нуранги цэвэрлэж зөөх ажил байлаа.

Тэрээр хожим нь Аяабэгын ариун дагшин газарт энэ мэт олон сайхан сүм хийд босно хэмээн тэр үед төсөөлж байсан болов уу? 「Хэлмэгдүүллийн өмнө Оомотод том хэмжээний хэд хэдэн сүм хийд байсан гэдгийг бид үлдсэн туурийг хараад мэдэж байсан билээ.Тиймээс хэзээ нэгэн цагт эдгээр сүм хийдийг сэргээн босгоно гэсэн өөрсддөө ахадсан гэмээр төсөөлөл мөрөөдөлтэй байсан」хэмээн тэр ярисан билээ.「Гэхдээ өнөөдрийн энэ агуу бүтээн босголтын цар хүрээний төсөөлөл байгаагүй юм」.

Оомотод сүсэгтнээр орсон эхэн үеийн түүний дурсамжуудаас хэзээ ч мартаж чаддаггүй нэг зүйл бол тэр үеийн хүмүүс бүгд нэн ядуу хийгээд цаг үргэлж гэдэс өлсөж явдаг байсан гэжээ.Дайны дараах үе тул хоол хүнс хомс, цагаан будаа ч ховор олж иддэг байжээ.Ихэнхдээ хээрийн ургамал хольж чанасан цагаан будааны усан шөл голдуу иддэг байсан гэдэг.Оройн хоолондоо хоцорч ирсэн хүнийг буцалгасан ус л хүлээж байдаг байлаа.

Ивасаки гуайг анх аяабэд хөл тавих үед Онисабүро гэгээнтэн тэнд амьдран сууж байжээ.Гэгээнтэн түүнийг Аяабэд ирсэнд ихэд баярлан угтсан бөгөөд энэ нь дан ганц шашны учир шалтгаантай байгаагүй юм. 「Онисабүро багш бидэнд идэх юм авчирч өгдөг байсныг би одоо ч тодхон санаж байна」 хэмээн тэрээр хэлээд 「голдуу чихэрлэг амттан өгөх бөгөөд түүнийгээ кимоногынхоо ханцуйнд нууж ирдэг байсан」 гэв.Тэр үед гэгээнтэн тэдгээр амттаныг хаанаас олж ирдэг байсныг өнөө хэр мэдэхгүй гэж нэмж хэлэв.

Үндэслэгч Дэгүчи Нао болоод Дэгүчи Онисабүро гэгээнтний туурьвилд Чёо-сэй-дэн хийдийг барьж босгох тухай зөгнөн бичсэн байдаг.Гэгээнтэн багш урьд нь 2 ч удаа Чёо-сэй-дэн хийдийг барьж байгуулах ажлыг эхлүүлж байсан бөгөөд тухайн үеийн эзэн хаант засгийн газраас явуулсан хэлмэгдүүллийн уршгаар бүгдийг нураан сүйтгэсэн юм.1948 онд тэрээр тэнгэрт хальж бурханы өргөө болох Чёо-сэй-дэн хийдийн ирээдүйн төөрөг зураг бүрхэг болсон билээ.

Улмаар их бурханы зарлиг лүндэнг бодитоор гүйцэлдүүлэх их үйл түүний охин болох Дэгүчи Наохид тохиосон бөгөөд уг хийд бодитоор цогцолсон нь гэгээнтний тэнгэрт хальснаас хойш 40-н жилийн дараа юм.

Шашин шүтлэг хийгээд түүний үнэ цэнийн

илэрхийлэл болох уламжилалт барилга

Дэгүчи овгынхон бүгд л урлагын гайхалтай авьяастай байсан бөгөөд тэр дундаа Дэгүчи Наохи тэргүүн урлагын дотоод ертөнцийн нарийн мэдрэмжтэй байсан.Түүнийг Оомотогын тэргүүнээр ажиллаж байсан цаг үед Оомото урлагт хандах оюун санааны төвшний хандлага, түүнд суралцахын чухалыг ихэд эрхэмлэж байжээ.Наохи тэргүүн өөрөө бийрийн уран бичлэг, уран зураг, шаазан урлаг, цайны урлаг, но жүжигт нэвтэрсэн нэгэн байжээ.

Түүнчилэн сургууль номыг нь үзээгүй хэдий ч тэрээр Японы уламжилалт уран барилга, түүний нарийн арга барилын талаар гүнзгий мэдлэгтэй байсан бөгөөд энэ мэт барилга байгууламж нь шашин ба түүний үнэ цэнийг илэрхийлэн, улмаар Японы ард иргэд бишрэн шүтэгчидийн зүгээс гүн хүндэтгэл хүлээж, үеийн үед мөргөл залбирал хийгээд бурханы үйл энд тасрахгүй хэмээн итгэж байсан юм.

1973 оны 11 сарын 6 өдөр, Рокүжү-яката цогцолборыг барьж босгох шийдвэрийг гаргасан бөгөөд үүнийгээ өөрийн биеэр бишрэн шүтэгчдэд зарлан тунхагласан билээ.

Тэрээр хэлэхдээ 「Миний бие Оомотогын ариун сургаалын салхийг хөдөлгөхийн зэрэгцээ Японы соёлын салбарын эдийн дээдийг Японы уламжилалт уран барилгын арга барилтай хослуулан 20-р зууны сүүлийн хагасын эрдэнэ болох байгууламжыг бүтээхийг хүсэж байна」хэмээжээ.

Улмаар 1980 онд Рокүжү-яката цогцолбор бүрэн дуусч ашиглалтад орсон билээ.1984 онд зохион явагдсан үүсгэн байгуулагчын их баяр ёслолын үеэр Дэгүчи Наохи тэргүүн Оомотогын Чёо-сэй-дэн хийдийг барьж бүтээх шийдвэрээ зарлан тунхагласан байдаг.Барилгын ажил 1986 оны 5 сарын 5 өдөр эхлэж, 1992 онд бүрэн бүтээж дууссан билээ.Харамсалтай нь тэрээр өөрийн хүсэл мөрөөдлийнхөө эцсийн үр дүнг үзэж амжилгүй 1990 онд бурханы оронд заларсан юм.

Чёо-сэй-дэн хийдийн тухай Дэгүчи Наохи тэргүүний төсөөллөөс илүүтэйгээр ихэд санаа зовоож байсан зүйл бол түүнийг бодитоор барьж босгоход шаардлагатай мөнгөн хөрөнгө байсан юм.Уг цогцолборт нийт 10 тэр бум иен шаарлагатай байсан юм.Гэвч өнөөдөр Чёо-сэй-дэн хийдийг харахад 10 тэр бум иенээр боссон гэхэд итгэмээргүй гайхалтай билээ.1970 оны сүүлийн хагаст барьж босгосон Рокүжү-яката цогцолбор нь 160 сая иенээр баригдсан билээ.

Дэгүчи Наохи тэргүүн урлаг соёл хийгээд түүний өөртөө агуулах оюун ухааныг ихэд эргэцүүлэхийн зэрэгцээ, Чёо-сэй-дэн хийдийг барьж бүтээх ажлын урлаг талын хэсэгт хичээнгүйлэн оролцсон юм.Энэ нь ирээдүйд энэ ертөнцөд мэндлэх Японы хойч үеийн хүмүүс хэдэн зууны дараа энд ирж энэхүү гайхамшигт барилгыг үзэж баярлан, эндээс сайн сахан зүйлийг мэдрээсэй гэсэн сэтгэлийн үзүүр бөгөөд Оомотогын зүгээс ирээдүй өөд илгээсэн бэлэг юм.

Хэмжээний хувьд том, мөн маш төвөгтэй нарийн хийц ур ухаан шаардсан энэ байгууламжийг уламжилалт арга ухаан хийгээд цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр барьж босгоно гэдэг нь гайхамшигт үйл бөгөөд эн зэргэцэх өөр олон жишээ үгүй буйзаа.

「Гурав дахь үеийн тэргүүн , ирээдүйн төлөө бид уламжилалт барилга байгууламжуудыг хайрлан хадгалах хэрэгтэй」 хэмээн айлдсан гэж Ивасаки гуай дурсан ярьсан юм.「Ирээдүйн төлөө」

2000 оны 11 сарын 19 өдөр.


Ивасаки Күнио гуай.Тэрээр Чёо-сэй-дэн зэрэг олон сүм хийдийг барьж бүтээх хэсгийн тэргүүнээр ажилласан нэгэн билээ.

Үүсгэн байгуулагчын их баяр ёслолын үеэр Чёо-сэй-дэн хийдэд лам хуврагууд залрахын өмнө.

Үүсгэн байгуулагчын их баяр ёслолын бэлтгэл хангаж буй нь

Рёожүкү-яката цогцолборт байх модон онгоц

Ивазаки Күнио гуай Рёожүкү-яката цогцолборын өмнө.
© 2008 OOMOTO. All rights reserved.