おほもと Oomoto


Оомото дахь миний дурсамж 2002 оны11сар


Сали Рүйс


神言を奏上するサリーさん

Энэ удаа би Оомотод 4 дэхь удаагаа ирж байна.Энэ удаа ч мөн миний биеэр ямар нэгэн энерги эргэлдэж буйг мэдэрч байна.Өглөө бүрийн мөргөлд оролцож, дотоод сэтгэл маш их аз жаргалаар бялхсаж байна.Хилари бид хоёр өглөөний мөргөлийн дараа бурханы ариун рашаан хүртдэг бөгөөд энэ үед шингэн хэлбэрт шилжүүлсэн гэрэл гэгээ хүртэж буй мэт сэтгэгдэл төрсөн.Бурханы ариун рашаанаас гэгээ цацарч, улмаар бүхий л биеэр тархах мэт мэдрэмж төрсөн.Би илүү гүн төвшинд, эс нэг бүрийг ариусгаж буйг мэдэрсэн. Маш амар амгалан хийгээд ариун дагшин газар нүдээ аниад зогсож буй зүүд одоо болтол надад зүүдлэгддэг.Нэгэн шөнө би миний цээж болоод хэвлийн тус газар тамга юмуу ямар нэгэн тэмдэг тавьж буй зүүд зүүдлэсэн юм.Үүнийг би тодорхой зүйлийг сураад, нэг шат ахиж, мэдлэг хүртсэний илрэл болов уу хэмээн тайлж бодсон.

Мөн Аяабэд байхдаа хэд хэдэн удаа миний биеэр гэрэл гүйхийг мэдэрсэн.Тэр дундаа Чёо-сэй-дэн буюу Түмэн наслахын өргөө хийдэд хурц гэрэл цацрахыг үзсэн.Сэтгэл нээгдэн, амар амгаланг мэдэрч бүхнийг бурханы таалалд даатгах сэтгэгдэл төрсөн.

Түүнчилэн Хилари бид 2 –т тэргүүн хатагтайд бараалхах маш их хувь тохиосон бөгөөд сэтгэл ихэд хөдөлсөн юм.Бас Оомотогын нөхөдтэй хамт зоог барьж, Оомотогын тухай, бишрэн шүтэгч болохын тулд хэрхэх тухай, мөн итгэл сүсгийн тухай олон олон зүйлийг мэдэж авсан.Хамтын мөргөл хийгээд биеэр мэдэрсэн зүйлсийнхээ тухай харилцан ярьж, нулимс хүртэл унагаж байлаа.Энэ мэт хэзээ ч үл мартагдах дурсамжууд нь бидний хоорондийн бат холбоос болж, миний сэтгэлд гүн хоногшин үлдсэн юм.

Улмаар нутаг буцахын өмнөх өдөр Цүки-нами баярт оролцсон билээ.Колин бид хамтдаа гадаадын зочдыг төлөөлөн их бурханд мөчир өргөх Тамагүши-хоотэн ёсыг гүйцэлдүүлсэн бөгөөд энэ ёслолд гэнэт миний нэрийг дуудсанд би их гайхаж билээ.Гүнгэрвааны өмнө зогсоход бурханд маш ойртож очсоноо мэдэрч, улмаар их буханаас энерги авах мэт сэтгэгдэл төрсөн.Төсөөлж хэлбээс, хуй салхинд ороогдон дээш хөөрч, найган ганхаж, үлээгдэн ариусгагдаж, эргээд эхний байсан газартаа буцах мэт санагдсан.Энэ нь бурханд хэт их ойртсоноо гэнэт мэдэрч, сандрахдаа доош харах ердөө 1, 2 хормын төдийд болж өнгөрсөн юм.Үүний дараа миний нүд харанхуйлж, хэсэг зуур алмайран байсан билээ.


Гэсгүйгээс Тама-гүши гардан авч буй нь.

Баярын ёслолын дараа нэг сүсэгтний урилгаар түүнтэй хамт Чёо-ёо-кан буюу Ургах нарны өргөө хийдэд хамт мөргөл үйлдэж, дараа нь гурав дахь үеийн тэргүүний өрөөг үзэж сонирхсон юм.Энэ өрөөний тухай Колин гуайгаас урьд нь нэг удаа сонсож байсан хэдий ч өөрийн нүдээр үзсэн нь анх удаа байлаа.Хонгилоос эхлээд түүний өрөө, бас түүний эдлэж хэрэглэж байсан сүрлэн шаахайнд өөрийн гараар хүрч үзсэн.Итгэхийн аргагүй их хүчинд эзэмдүүлж улмаар нулимс минь тогтохгүй бөмбөрч байсан билээ.

Тэр үеийн үйл явлыг тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа хэдий ч, тэр өргөөнд орших бурханлаг их хүчинд бүрэн эзэмдүүлсэн мэт болж, сэтгэл нээгдэн, улмаар хүүхэд мэт сэтгэл догдлож билээ.Хонгил дахь сандал дээр хэсэг зуур сууж сэтгэлээ тогтоон, гадаах цэцэрлэгт хүрээлэнг ширтэж байлаа.Дахиад л нулимс тогтохгүй урсаж, амьсгал давчдаад ирсэн болохоор өөрийнхөө дотоод ертөнцөд өрнөж буй зүйлийн гол цөмийг ойлгох гэж хичээлээ.Хүйтэн байсан тул миний төлөө санаа зовж надад хүлээн авах өрөөнөөс цахилгаан зуух авчирч өгөв.Тэр эелдэг зөөлөн сэтгэл биед минь шингэн, дахиад л нулимс урсав.Мөн надад цай хийж өгсөн боловч нулимс үл тогтоно.Бурханы сүнслэг оршихуйн ачаар 「Салигийн хуяг задран унаж, шинээр мэндэлсэн өдөр」хэмээх жүжгийн гол дүрд тоглосон мэт сэтгэгдэл төрсөн юм.Та бүгдийн нөхөрлөл, хүний төлөөх уужуу сэтгэл тэр үед миний сүнсний далд оршихуйд хүрч билээ.Арай гэж нулимс тогтон гадагш гарах үед сэтгэл минь хорогдон байсан хэдий ч дотоод ертөнц минь нээлттэй хэвээр үлдсэн байсан юм. Чёо-ёо-кан хийдээс гарч явахдаа хэрмэн хананы доохонтой орших сууцыг харж, энэ гэрийн цайны ёслолын өрөө нь ямар сайхан бол? хэмээн төсөөлөн бодож явлаа.Унасан навчис хөглөрөх мөргөлийн замаар алхангаа намрын улаан навчисын үзэсгэлэн төгөлдөр хийгээд мөргөлийн замын далд увьдис, мөн энэ замаар дотны найзтайгаа хамт алхаж яваадаа туйлын их догдолж байлаа.Бид балчир ахуй насандаа эргэн очсон мэт болж, өнөөгийн хорвоо ертөнцийн явдлыг хэсэг зуур мартан, чанга дуугаар инээлдэн хөгжилдөж, навчис хөглөрөх мөргөлийн замаар хөөрцөглөн гүйлдэж байсан юм.

Найз нөхөдтөйгөө аялах нь хөгжилтөй сайхан байлаа.Өрөөндөө харьсныхаа дараа оройн хоол болтол хэсэг амрах зуураа тэр өдрийн бүхий л зүйлийг эргэн дурссан юм.Гэнэт утас хангинан, доош буун очвоос хүлээн авахын ажилтан надад бэлэг гардуулна хэмээв.Боодлыг задлан үзвээс улаан өнгийн хоёр тамга дардас бүхий зурмал зураг байв.Энэ зурагт агуу хүч увьдис шингэсэн байсан.Дараа нь энэхүү тамга дардас нь Онисабүро их багшын гарын эрхий хурууны дардас хэмээн сонсоод миний цээж өөд далдын хүч оргилон цутгаж, улмаар сэтгэл догдлон бас л нулимсаа барьж чадалгүй уйлж гарлаа. Тэрхүү үнэт бэлэгт туйлын ихээр баярлан, бурханы сүнслэг оршихуйд өлгийдүүлэн ариусгагдсан билээ.

Оомотод биеэр мэдэрсэн олон зүйл одоо ч миний гэрт тодорхой үлдсэн юм.Яг одоо ч тэрхүү далдын увьдис хүч цуурайтан чичэрхийлж, эд эсээс эд эсэд шилжин дамжиж, бие махбодийн уг үндэс хүртэл шингэсэн байгаа.Энэ мэт зүйлийг биеэр мэдрэхийн тулд бас нэлээдгүй цаг хугацаа шаардагдана хэмээн бодож байна.Миний бие Оомототой бат бөх хэлхээгээр холбогдсон нэгэн бөгөөд үүнийг урьд насны үеийн холбоос болов уу гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байна.Ирэх болгонд төрсөн нутагтаа ирж буй мэт сэтгэгдэл төрдөг юм.

Буцаж ирсэн намайг эгнээндээ элсүүлсэн та бүхэндээ баярлалаа.Намайг бурханы хүүхэд гэдгийг эргэн сануулсанд баярлалаа.Гэгээрэл ариусгал хайрласанд баярлалаа.Мөн үерхэл нөхөрлөл гэх эрдэнэ хайрласанд баярлалаа.

Эх газрын хөрсөн дээр, та бидний сэтгэл зүрхэнд энх тайван цогцлох болтугай.

2002 оны 11-р сар

© 2008 OOMOTO. All rights reserved.